images

Ачаа тээврийн нэг автомашины үзлэг, шалгалтыг 10 минутад хийнэ

Ерөнхий Консулын Газрын мэдээ

2026-10-29

3

Хиагтын авто замын боомтыг порталь хэлбэрийн хяналт, шалгалтын цогцолбор төхөөрөмжөөр тоноглож байна.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн ачаа тээврийн автомашины үзлэг, шалгалтын хугацааг 10 минут хүртэл бууруулах тухай даалгаврыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улстай хиллэдэг Бүгд Найрамдах Буриад Улсын Хиагт авто замын боомтод жин, овор хэмжээ хэмжих цогцолбор систем болон порталь хэлбэрийн хяналт, шалгалтын цогцолбор төхөөрөмж (ПИДК)-өөр нэмэлт тоноглол суурилуулах ажил хийгдэж байна.

Холбооны улсын "Росгранстрой" байгууллагын Дэд дарга Виталий Резанов тус байгууллагын Чита дахь салбарын захирал Никита Саттаровын хамт Хиагт боомтод ажиллаж, суурилуулсан порталь хэлбэрийн хяналт, шалгалтын цогцолбор төхөөрөмжийн хүлээн авах, ашиглалтад хүлээлгэн өгөх туршилтын асуудлаар төрийн хяналтын байгууллагуудын төлөөлөлтэй ажлын уулзалт хийв.

Уг төхөөрөмж нь ачаатай тээврийн хэрэгсэлд бүхэлд нь хяналт, шалгалт хийх, тээвэрлэхийг хориглосон эд зүйл, бодисыг илрүүлэх боломжтой юм.

Өнөөдрийн байдлаар ийм төрлийн цогцолбор төхөөрөмжийг авто замын 12 боомтод суурилуулаад байна. Тухайлбал, Казахстан Улстай хиллэдэг Бугристое, Маштаково, БНХАУ-тай хиллэдэг Забайкальск, Кани-Курган, Пограничный боомтуудад суурилуулжээ. Мөн Хасан авто замын боомтод порталь хэлбэрийн хяналт, шалгалтын цогцолбор төхөөрөмж суурилуулах ажил дуусах шатандаа явж байна.

Порталь хэлбэрийн хяналт, шалгалтын цогцолбор төхөөрөмжийг ашигласнаар улсын хил дээрх үзлэг, шалгалтын хугацааг богиносгож, боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, ачаа барааг хүргэх хурдыг сайжруулах боломж бүрдэнэ хэмээн  "Росгранстрой" байгууллага мэдээлжээ.