images

Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн нээгдэв

Ерөнхий Консулын Газрын мэдээ

2026-10-21

12

2026 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Улаан-Үд хотноо ОХУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол, будда, түвэд судлалын хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдааны үеэр ОХУ-ын Гадаад хэргийн яамны Улаан-Үд хот дахь Төлөөлөгчийн газраас гэрэл зураг, баримт бичгийн үзэсгэлэн дэлгэн үзүүллээ. Тус үзэсгэлэнг ОХУ-ын Гадаад бодлогын архив болон Төлөөлөгчийн газрын материалд тулгуурлан, түүхэн ойд зориулан бэлтгэжээ. Үзэсгэлэн нь хоёр орны хамтын ажиллагааны баялаг түүхийг харуулсан 16 үзүүлэн самбараас бүрдэж байна. Үзэсгэлэнд хоёр орны найрсаг харилцаа тогтсон эхэн үе, дипломат төлөөлөгчдийг анх харилцан солилцож байсан түүх, Японы түрэмгийлэгчид болон фашистын түрэмгийллийн эсрэг тэмцэлд хоёр улс бие биедээ дэмжлэг үзүүлж байсан тухай баримт бичиг, гэрэл зургуудыг орос, монгол хэлээр дэлгэн үзүүлжээ. Мөн дипломат захидал харилцаа, стратегийн баримт бичгүүдийн хуулбар, янз бүрийн он жилүүдэд төрийн болон засгийн газрын дээд, өндөр түвшний айлчлалуудыг зохион байгуулж байсан талаарх материалууд үзэсгэлэнгийн сонирхолтой хэсэг болж байна. 1961 онд ЗХУ-ын дэмжлэгтэйгээр Монгол Улс НҮБ-д элссэн, 1981 онд хоёр орны сансрын нисгэгчид хамтран сансарт ниссэн түүх, түүнчлэн 1990 онд Улаан-Үд хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар, 1998 онд ОХУ-ын Гадаад хэргийн яамны Төлөөлөгчийн газар нээгдсэн үйл явдлуудад онцгой анхаарал хандуулжээ. Үзэсгэлэнгийн материалуудыг ОХУ-ын Гадаад хэргийн яамны Улаан-Үд хот дахь Төлөөлөгчийн газрын ажилтнууд А.Елбонов, Г.Чижикова нар тайлбарлан танилцууллаа. Үзэсгэлэнг 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг дуустал ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол, буддын судлал, төвөд судлалын хүрээлэнд үзэх боломжтой аж. Эх сурв.: ОХУ-ын Гадаад хэргийн яамны Улаан-Үд хот дахь Төлөөлөгчийн газрын албан ёсны “Телеграм” хуудас /2026 оны 10 сарын 20/