images

Улаан-Үд хотод Монголын Эрдэнэт хотоос бэлэглэсэн ханын зургийн дурсгалын самбарыг нээлээ

Ерөнхий Консулын Газрын мэдээ

2026-10-12

5

Буриадын нийслэл Улаан-Үд хотын 360 жилийн ойд зориулан Монгол Улсын Эрдэнэт хотоос бэлэглэсэн ханын зургийн дурсгалын самбарыг нээх ёслол боллоо. Ёслолд Улаан-Үдийн ихэр хот болох Эрдэнэт хотоос төлөөлөгчид оролцов.

Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Бат-Оршихын Ганзориг тэргүүтэй төлөөлөгчид ханын зургийг сэтгэл шингээн бүтээсэн, үнэхээр сайхан уран бүтээл болсныг онцлон тэмдэглэв.

Улаан-Үд хотын Калашниковын гудамжны 10 дугаар байрны фасадад бүтээсэн ханын зургийн төв хэсэгт давхин буй хурдан хүлгийг дүрсэлсэн нь буриад ард түмний эрх чөлөө, аз жаргалыг бэлгэджээ. Мөн буриадын үндэсний хувцас, толгойн гоёлын элементүүд болон үеэс үед уламжлагдан ирсэн овог, аймгийн тамганы дүрслэлийг тусгасан байна. Зургийг тодотгох гэрэлтүүлэг суурилуулж, үзэж сонирхогчдод зориулан сандал байрлуулжээ.

Улаан-Үд хот ч Эрдэнэт хотын 50 жилийн ойд зориулан хариу бэлэг барьсан байна. Буриадын уран бүтээлчдийн эскизийн дагуу Монголын зураачид Эрдэнэт хотод ханын зураг бүтээжээ. Тус бүтээлд Улаан-Үд хотын алдарт «Зочломтгой Буриад» баримал болон Буриадын ард түмэн, Улаан-Үд хотын бэлгэдэл болсон Байгаль нуурыг дүрсэлсэн талаар Улаан-Үд хотын захиргааны Тамгын газрын дарга, хотын орлогч дарга Николай Намсараев мэдээлэв.