Төв аймгийн Засаг даргын Тамгын газар, БНБуриад Улсын Засгийн газар хооронд хамтын ажиллагааны Хэлэлцээр байгуулагдлаа
Төв аймгийн Засаг даргын Тамгын газар, БНБуриад Улсын Засгийн газар хооронд хамтын ажиллагааны Хэлэлцээр байгуулагдлаа
2026 оны 6-р сарын 18-ний өдөр Бүгд Найрамдах Буриад Улсын Улаан-Үд хотын “Голын эргийн гэр” цогцолборт Зүүн хойд Азийн бүс нутгийн захиргаадын холбоо (NEAR)-ны Дээд түвшний Ажлын комиссын 15 дугаар хуралдаан, Уламжлалт анагаах ухааны Дэд комиссын хурлууд боллоо.
БНБуриад Улс 2026-2027 онуудад ЗХАБНЗХ-г даргалах үүрэг хүлээсний дагуу уг арга хэмжээг Улаан-Үд хотод хүлээн авч амжилттай зохион байгуулав.
ЗХАБНЗХ-ны Дээд түвшний Ажлын комиссын 15 дугаар хуралдаанд Монгол Улс, ОХУ, БНХАУ, БНСУ, Казахстан Улсын төлөөлөгчид хүрэлцэн ирж, Япон Улсын Окинава муж, Мьянмар Улсын зарим бүс нутгийн төлөөлөл цахимаар оролцов.
Монгол Улсаас Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар, Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр болон Архангай, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-уул, Дорнод, Дундговь, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын төлөөлөл, уламжлалт анагаах ухааны чиглэлийн мэргэжилтнүүд нийт 28 хүн оролцлоо.
Хуралдаанд ОХУ-ын ГХЯ-ны Орон нутгийн засаг захиргаа, парламент болон олон нийтийн байгууллагуудтай харилцах газрын дарга И.Капырин, ОХУ-аас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Зиновьев, Монгол Улсаас ОХУ-ын Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консул Ц.Ганхуяг, БНСУ-аас Эрхүү хотод суугаа Ерөнхий консул Юн Чан-ён, ОХУ-ын ГХЯ-ны Улаан-Үд хотод суугаа Төлөөлөгчийн газрын Тэргүүн А.И.Пономарёва нар хүндэт зочны хувиар уригдан оролцов.
Хуралдааны нээлтийн ёслолын арга хэмжээний үеэр Монгол Улсын Төв аймгийн Засаг даргын Тамгын газар, БНБуриад Улсын Засгийн газар хооронд “Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, нийгмийн болон хүмүүнлэгийн салбарт олон улсын болон гадаад эдийн засгийн харилцааг хөгжүүлэх тухай” Хэлэлцээр байгуулагдан уг Хэлэлцээрт Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр, БНБуриад Улсын Засгийн газрын дарга А.С.Цыденов нар гарын үсэг зурав.
Тодруулга: Зүүн хойд Азийн бүс нутгийн захиргаадын холбоо /ЗХАБНЗХ/ нь 1996 онд байгуулагдсан, Зүүн хойд Азийн бүс нутгуудын харилцаа, хамтын хөгжлийг бэхжүүлэх зорилготой олон улсын холбоо бөгөөд харилцан хүндлэл, тэгш эрх, хамтын ашиг тусын зарчимд тулгуурлан харилцан итгэлцсэн хамтын ажиллагаанд тулгуурладаг.
Тус холбоо нь 10 улсын бүс нутгийг (муж, автономит бүс, аймаг, хот гэх зэрэг) нэгтгэдэг бөгөөд үүнд Монгол Улс, БНХАУ, БНАСАУ, БНСУ, ОХУ, Япон Улс, Вьетнам, Казахстан, Киргизстан, Мьянмар (ажиглагч гишүүнээр) багтдаг. Холбооны гишүүнчлэл “ЗХАБНЗХ+2” бодлогын хүрээнд (Зүүн хойд Ази + Зүүн өмнөд Ази болон Төв Ази) өргөжин тэлж байна.
Монгол Улсын 21 аймаг, Улаанбаатар хот ЗХАБНЗХ-ны бүрэн эрхт гишүүн юм.
ЗХАБНЗХ-ны гишүүн улсуудын хүн ам 1,6 тэрбум, эдийн засгийн потенциал 30 триллион ам.доллар буюу Дэлхийн нийт бүтээгдхүүний 25-30 хувийг эзэлж байна.
ОХУ-ын БНБуриад Улс нь 2026–2027 онд ЗХАБНЗХ-гийн даргалах бүс нутгийн үүргийг БНХАУ-ын Ляонин мужээс хүлээн авсан.
2027 онд ЗХАБНЗХ-ны Ерөнхий чуулган болон Аялал жуулчлалын Дэд комиссын хурал Улаан-Үд хотноо зохион байгуулагдаж, дараагийн 2 жил ЗХАБНЗХ-г даргалах улсыг тогтоно.