Буриадад Зүүн хойд Азийн бүс нутгийн захиргааны холбоо (АРАССВА)-ны хурал болж байна
6-р сарын 17–19-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Буриад Улсын нийслэл Улаан-Үд хотод Зүүн хойд Азийн бүс нутгийн захиргааны холбоо (АРАССВА)-ны дээд түвшний хурал болж байна. Тус хуралд ОХУ, БНХАУ, Монгол Улс, БНСУ-ын гишүүн бүс нутгуудын төлөөлөгчид, мөн тус холбоонд ажиглагч гишүүнээр элсэж буй Казахстан, Мьянмарын бүс нутгуудын төлөөлөл хүрэлцэн иржээ. Мөн Японы Окинава мужийн захиргаа цахим мэндчилгээ илгээсэн байна.
Хүндэт зочдоор ОХУ-ын Гадаад хэргийн яамны Холбооны субъектүүд, парламент болон олон нийтийн байгууллагуудтай харилцах газрын захирал Игорь Капырин, мөн ОХУ-ын БНСУ дахь Элчин сайд Георгий Зиновьев нар оролцож байна.
Буриад Улсын тэргүүн Алексей Цыденов, АРАССВА-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Лим Бён Жин (БНСУ), Монгол Улсын Төв аймгийн засаг дарга Л. Төмөрчөдөр, ОХУ-ын БНСУ дахь Элчин сайд Георгий Зиновьев үг хэлэв.
Мөн арга хэмжээнд Монгол Улсын Улаан-Үд дэх Ерөнхий консул Ц.Ганхуяг, БНСУ-ын Эрхүү дэх Ерөнхий консул Юн Чан Ён, ОХУ-ын Гадаад хэргийн яамны Улаан-Үд дэх төлөөлөгч Александра Пономарева нар оролцож байна.
Тус арга хэмжээний хүрээнд Буриад Улс болон Монгол Улсын Төв аймгийн хооронд худалдаа-эдийн засаг, шинжлэх ухаан-техник, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байна.