Азийн хуульчдын олон улсын II форум Улаан-Үд хотод эхэллээ
2026 оны 6 дугаар сарын 18–20-ны өдрүүдэд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын нийслэл Улаан-Үд хотноо, Д. Банзаровын нэрэмжит Буриадын улсын их сургууль дээр “Азийн хуульчдын олон улсын II эрдэм шинжилгээний форум” зохион байгуулагдаж байна.
Форумыг ОХУ-ын төр, шинжлэх ухаан, хууль зүйн тэргүүлэх байгууллагууд болон Хятад, Монголын их, дээд сургуулиуд, судалгааны төвүүд хамтран зохион байгуулж байгаа бөгөөд бүс нутгийн эрх зүйн хамтын ажиллагаа, боловсрол, шинжлэх ухааны түншлэлийг өргөжүүлэх зорилготой юм.
Нээлтийн нэгдсэн хуралдаанд Бүгд Найрамдах Буриад Улсын удирдлагууд, ОХУ-ын ШУА-ийн төлөөлөл, нэр хүндтэй эрдэмтэд болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчид оролцож, мэндчилгээ дэвшүүллээ.
МГИМО-ийн /Москвагийн ОУ-ын харилцааны их сургууль/ профессор, Европын болон олон улсын эрх зүйн нэрт судлаач, онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Марк Львович Энтин оролцсон нь форумын онцлох үйл явдлын нэг байв.
Монгол Улсаас Монгол Улсын Их Сургууль, Дотоод хэргийн их сургууль, Их Засаг олон улсын их сургууль болон Монголын хуульчдын холбооны төлөөлөгчид оролцож, эрх зүй, боловсрол, олон улсын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож байна.
Монгол Улсын Ерөнхий консулын газрын консул Б.Батчулуун форумд оролцож, мэндчилгээ дэвшүүллээ. Тэрээр өнөөдөр дэлхий нийт олон сорилт, бэрхшээлтэй тулгарч байгаа ба тэдгээрийг даван туулахад зөвхөн үндэсний хүчин чармайлт хангалтгүй, харин өргөн хүрээний олон улсын хамтын ажиллагаа зайлшгүй шаардлагатай байгааг дурьдаад Ази тивийн аюулгүй байдал, бизнесийн хөгжил, интеграцийн үйл явц зэрэг асуудлыг нээлттэй, мэргэжлийн түвшинд хэлэлцэх ийм талбарууд онцгой ач холбогдолтой юм хэмээн онцоллоо. Түүнчлэн энэхүү форумын хүрээнд өрнөх хэлэлцүүлгүүд нь шилдэг туршлага солилцох, шинэ санаа гаргах, улс орон, байгууллагуудын мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.