Хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгуулав
Хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгуулав
2026 оны 6 дугаар сарын 5-нд Монгол Улсаас Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консулын газарт Оросын Холбооны Улс, Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой, мөн Монгол Улсын Ерөнхий консулын газар Улаан-Үд хотноо байгуулагдсаны 35 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгуулж Буриадын Засгийн газар, Ардын Хурал, ОХУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгчид, эрдэм шинжилгээ, боловсрол, бизнес, соёл урлагийн салбарын төлөөлөгчид оролцов.
Арга хэмжээг нээж Монгол Улсаас Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консул Цэрэндоржийн Ганхуяг мэндчилгээ дэвшүүллээ.
Мөн Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэгийн мэндчилгээг уншиж сонордуулсан бөгөөд түүнд Буриадын Бүгд Найрамдах Улсын удирдлага, Засгийн газар болон Ерөнхий консулын газрын консулын тойрогт багтдаг бүс нутгуудын удирдлагад Монгол, Оросын уламжлалт найрсаг харилцааг хөгжүүлэх үйл хэрэгт тогтмол, бүх талын дэмжлэг үзүүлж, үр бүтээлтэй хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийлжээ. Мэндчилгээг Монгол Улсын ГХЯ-ны Хөрш орнуудын газрын дэд захирал Дэлгэрцэцэгийн Өнөбилэгт уншив.
Оросын талаас Буриадын Засгийн газрын Тэргүүний Нэгдүгээр орлогч Всеволод Мухин, Буриадын Ардын Хурлын Дэд дарга Баир Гармаев, ОХУ-ын Гадаад хэргийн яамны Улаан-Үд дэх төлөөлөгч Александра Пономарёва нар үг хэлжээ.
А.Пономарёва хэлэхдээ:
“Орос, Монголын олон жилийн үр өгөөжтэй хамтын ажиллагаа нь түүхэн бат бөх холбоо, сайн хөршийн харилцаа, харилцан хүндлэл, эрх тэгш байдал, цэргийн ахан дүүсийн нөхөрлөл, хүнд хэцүү цаг үед харилцан туслалцах зарчимд тулгуурладаг. Манай хоёр ард түмнийг мөнхийн ёс суртахууны үнэт зүйлс болон бат бөх нөхөрлөл холбож байдаг.
ОХУ-ын Гадаад хэргийн яам холбооны субъектуудын гадаад харилцааг хөгжүүлэхэд гүйцэтгэх үүргийг үргэлж онцолдог. Монголын чиглэлд Монгол Улстай хиллэдэг бүс нутаг болох Буриад онцгой ач холбогдолтой.
Буриад, Монголын хооронд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, спорт, соёл, боловсролын харилцаа, төрийн байгууллага, бизнес, шинжлэх ухааны хүрээний идэвхтэй яриа хэлэлцээ өрнөж байна. Мөн парламент хоорондын болон иргэний дипломат ажиллагаа, Улаан-Үд хотын Монголын хотуудтай тогтоосон ах дүүгийн харилцаа хамтын ажиллагааны агуулгыг улам баяжуулж байна” гэжээ.
Дипломат харилцааны түүх
Орос, Монголын дипломат харилцааны эхлэл нь 1921 оны 11 дүгээр сарын 5-нд РСФСР болон Монгол Ардын Бүгд Найрамдах Улс хооронд найрсаг харилцаа тогтоох тухай хэлэлцээр байгуулсан өдрөөс тоологддог.
Энэ нь Орос улс Монголыг тусгаар тогтносон бүрэн эрхт улс гэж албан ёсоор хүлээн зөвшөөрч, дипломат харилцаа тогтоосон явдал байв.
Өнөөдөр хоёр улсын харилцааг улс төрийн түвшинд найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэл гэж тодорхойлж байна.
Улаан-Үд дэх Ерөнхий консулын газрын түүх
Монголын тал Буриадын нийслэл Улаан-Үд хотод консулын байгууллага нээх санаачилгыг 1990 оны 5 дугаар сард гаргажээ. Үүний шалтгаан нь хоёр орны иргэдийн харилцан зорчих урсгал эрс нэмэгдэж, хоёр талын хамтын ажиллагаа, ялангуяа хил орчмын хамтын ажиллагаа эрчимтэй өргөжиж байсантай холбоотой байв.
Тухайн оны 12 дугаар сард ЗХУ-ын Гадаад хэргийн яам Монголын талд албан ёсоор зөвшөөрөл олгосон тухай ноот бичиг илгээжээ.
Эдүгээ Улаан-Үд дэх Монгол Улсын Ерөнхий консулын газрын консулын тойрогт:
- Бүгд Найрамдах Буриад Улс,
- Өвөр Байгалийн хязгаар,
- Приморийн хязгаар,
- Хабаровскийн хязгаар
багтдаг.
Арга хэмжээний үеэр Буриадын нэр хүндтэй төлөөлөгчдөд Монгол Улсын төрийн өндөр дээд шагнал гардууллаа.
Алтан гадас одонгоор Буриадын Тэргүүний болон Засгийн газрын Захиргааны даргын орлогч И.Н. Доржиева болон «Тивиком» телевизийн компанийн Ерөнхий захирал А.В. Пластинин нар шагнагдлаа.
Найрамдал медалиар Буриадын Ардын Хурлын Дэд дарга Т.Е. Мантатова; Буриадын Улсын Их Сургуулийн ректор А.В. Дамдинов; Дорнод Сибирийн Улсын Технологи, Удирдлагын Их Сургуулийн ректор И.Г. Сизов болон Монгол, Оросын найрсаг харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан бусад нэр хүндтэй төлөөлөгчид шагнагджээ.
Энэхүү ой нь Монгол, Оросын уламжлалт найрсаг харилцаа, стратегийн түншлэлийг бэхжүүлэхэд бүс нутаг хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж байгааг дахин бататгасан үйл явдал боллоо.