Улаан-Үд хот 360 жилийн ойгоо тэмдэглэж байна
Буриадын нийслэлд гадаадын төлөөлөгчид хүрэлцэн ирлээ. 6 дугаар сарын 13-нд Бүгд Найрамдах Буриад Улсын нийслэл Улаан-Үд хот үүсэн байгуулагдсаны 360 жилийн ойгоо тэмдэглэж байна. Хотын өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй баярын арга хэмжээнд ах дүү хотуудын төлөөлөгчид, тэр дундаа 🇲🇳Монгол Улс, 🇨🇳 БНХАУ-ын төлөөлөгчид хүрэлцэн иржээ. Улаан-Үд хотын захиргааны төв байранд Хотын дарга Игорь Шутенков хүндэт зочдыг хүлээн авч уулзав. Уулзалтад Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан, Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал, Орхон аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр, мөн Хөлөнбуйр хотын Гадаад хэргийн албаны орлогч дарга Ли Дяньлэй нар оролцов. Мөн уулзалтад Монгол Улсаас Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консул Ц.Ганхуяг, ОХУ-ын Гадаад хэргийн яамны Улаан-Үд дэх Төлөөлөгчийн газрын Тэргүүн А.Пономарёва нар оролцлоо. 🔹 Хотын иргэд болон зочдод зориулан баярын өргөн хүрээтэй хөтөлбөр, концерт, соёл урлагийн болон үзвэр үйлчилгээний олон арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Тэдгээрийн нэг нь XVIII зуунаас уламжлалтай Дээд Үдийн яармаг юм. Тухайн үед хот нь Хиагтаас Оросын Европын хэсэг рүү, мөн Эрхүүгээс Амар мөрөн болон Хятад руу чиглэсэн худалдааны чухал замуудын уулзварт байрлаж байв. 📌 Улаан-Үд хот (хуучнаар Дээд Үд буюу Верхнеудинск) нь 1666 онд оросын казакуудын ангийн удирдагч Гаврила Ловцовын удирдлагаар Уда, Сэлэнгэ мөрний бэлчирт байгуулагдсан Удын казак өвөлжөө-түр суурингаас эхлэлтэй. Удалгүй уг суурин өргөжин хөгжиж хот болсон байна. Улаан-Үд хотын хөгжил, төлөвшилд Оросын нэрт төрийн зүтгэлтэн, дипломатч Фёдор Головин чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Түүний тушаалаар Удинск хэмээх жижиг модон бэхлэлт байгуулагджээ. 1688 онд Удын бэхлэлтийг өргөтгөн бэхжүүлж, 1689 онд Фёдор Головины хүсэлтээр хотын зэрэглэл олгогдон Өвөр Байгалийн бүс нутгийн захиргаа, цэргийн төв болсон байна. Өнөөдөр Улаан-Үд хот нь аж үйлдвэр, шинжлэх ухаан, соёлын томоохон төв бөгөөд 360 жилийн турш олон үндэстэн, ястны төлөөлөгчид эв найрамдалтайгаар хамтран ажиллаж, амьдарч ирсэн хот болжээ. 🌐 Буриадын нийслэлийн гадаад дахь ах дүү хотуудын газарзүй өргөн хүрээг хамардаг. Үүнд Аньян, Ёнгволь (БНСУ), Лалитпур (Балба), Румой, Ямагата (Япон), Минск хотын Төв дүүрэг (Беларусь), Улаанбаатар, Дархан, Эрдэнэт (Монгол Улс), Хэжү (БНАСАУ) зэрэг хотууд багтдаг. Хамгийн олон ах дүү хотын барилдлагатай улс нь БНХАУ бөгөөд Ланьжоу, Манжуур, Улаанчав, Хөлөнбуйр, Хөх хот, Чанчунь, Эрээн зэрэг хотууд Улаан-Үдийн түнш хотууд юм.
Эх сурв.: ОХУ-ын ГХЯ-ны Улаан-Үд хотод суугаа Төлөөлөгчийн газар