Орос, Монголын дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойд зориулсан плакатын уралдааны ялагчдыг шагналаа
Орос, Монголын дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойд зориулсан плакатын уралдааны ялагчдыг шагналаа
2026 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Улаан-Үд хот дахь Монгол Улсын Ерөнхий консулын газарт Оросын Холбооны Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойд зориулан зохион байгуулсан Бүгд Найрамдах Буриад Улсын хэмжээний плакатын уралдааны ялагчдыг шагнах ёслолын ажиллагаа боллоо.
Арга хэмжээнд Монгол Улсаас Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консул Цэрэндоржийн Ганхуяг, ОХУ-ын Гадаад хэргийн яамны Улаан-Үд хот дахь төлөөлөгч Александра Пономарёва, Бүгд Найрамдах Буриад Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайд Валерий Поздняков, Бүгд Найрамдах Буриад Улсын Монгол Улстай хамтын ажиллагаа эрхэлсэн сайд Даба-Жалсан Чирипов нар оролцож, уралдаанд амжилттай оролцсон сурагчдад баяр хүргэн үг хэлэв.
Ерөнхий консул Ц.Ганхуяг хэлсэн үгэндээ уралдааны онцлог нь сурагчид уран бүтээлээрээ дамжуулан Монгол, Оросын ард түмний нөхөрлөл, харилцан хүндэтгэл, хамтын ажиллагааны үзэл санааг илэрхийлсэнд оршиж байгааг онцлон тэмдэглэв. Тэрээр урлаг нь хүмүүсийг хил хязгаар үл харгалзан нэгтгэж, харилцан ойлголцлыг бэхжүүлэх нийтлэг хэл болохыг дурдав.
ОХУ-ын Гадаад хэргийн яамны Улаан-Үд хот дахь төлөөлөгч А.Пономарёва хэлсэн үгэндээ Ерөнхий консул Ц.Ганхуягт сургуулийн сурагчдын дунд плакатын уралдаан, мөн өмнө нь их, дээд сургуулийн оюутнуудын дунд бүтээлийн уралдаан зохион байгуулах санаачилга гаргасанд талархал илэрхийлэв. Тэрээр энэхүү санаачилга нь дипломат харилцааны 105 жилийн ойн хүрээнд сурагчид, оюутнууд, тэдний эцэг эх, багш нарыг өргөнөөр хамруулж, хоёр улсын найрсаг харилцааны ач холбогдлыг түгээн сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулж байгааг онцлон тэмдэглэлээ.
А.Пономарёва цааш нь хэлэхдээ, түүхэн, дипломат болон дурсгалт чухал ой, тэмдэглэлт өдрүүдийг тэмдэглэх, олон улсын төслүүдийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд сурагчид, залуучуудыг татан оролцуулах нь тэдний боломжийг өргөжүүлж, бүтээлч болон мэргэжлийн авьяас чадвараа хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхээс гадна Монголын үе тэнгийнхэнтэйгээ харилцах, хамтран ажиллахад чухал түлхэц болдгийг тэмдэглэв.
Мөн тэрээр уралдаанд оролцсон сурагчдад талархал илэрхийлж, бүтээлээ бэлтгэх явцдаа Оросын Холбооны Улс, Монгол Улсын түүхэн болон орчин үеийн хамтын ажиллагааны талаар мэдлэгээ улам баяжуулсан гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Уралдаанд Буриадын өнцөг булан бүрээс 120 гаруй бүтээл ирүүлснээс 46 шилдэг бүтээл шалгарч, Ерөнхий консулын газрын танхимд дэлгэн үзүүлжээ. 8–11 дүгээр ангийн сурагчид плакат бүтээлээрээ хоёр улсын нийтлэг түүх, соёл, орчин үеийн хамтын ажиллагааг тусган харуулсан байна.
Шүүгчдийн шийдвэрээр 8–9 болон 10–11 дүгээр ангийн ангилал тус бүрт тэргүүн, дэд, гутгаар байрын эзэд тодорч, диплом болон мөнгөн шагналаар шагнагдав. Мөн бусад идэвхтэй оролцогчдод дурсгалын зүйл, оролцогчийн диплом гардууллаа.
Арга хэмжээний хүрээнд Орос, Монголын харилцааны түүхийн талаарх танин мэдэхүйн асуулт, хариултын тэмцээн зохион байгуулж, сурагчид хоёр улсын харилцааны түүхэн үйл явдлуудын талаар өргөн мэдлэгтэй болохоо харуулав.
Уралдааныг Улаан-Үд хот дахь Монгол Улсын Ерөнхий консулын газар санаачлан зохион байгуулсан бөгөөд ОХУ-ын Гадаад хэргийн яамны Улаан-Үд хот дахь төлөөлөгчийн газар, Буриад Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам болон “Созвездие” төв дэмжин хамтран ажиллав.
Эх сурв.: ОХУ-ын Гадаад Хэргийн яамны Улаан-Үд хот дахь Төлөөлөгчийн газрын албан ёсны “Телеграм” хуудас: t.me/MID_RF_UU /2026 оны 6 сарын 4/