images

Буриад Улс бүтээлч эдийн засгийн төв болж байна

Ерөнхий Консулын Газрын мэдээ

2026-05-25

23

Буриад Улс бүтээлч эдийн засгийн төв болж байна

Улаан-Үд хотноо “Алс Дорнодод бүтээсэн нь” олон улсын бүтээлчээр сэтгэгчдийн чуулган 2026.05.21-23-ны өдрүүдэд болж, бүс нутгуудын бүтээлч эдийн засгийн хөгжил, хамтын ажиллагааны боломжуудын талаар хэлэлцлээ.

ОХУ-ын Холбооны Зөвлөлийн Дэд дарга Инна Святенко энэхүү салбарын жинг цаашид ОХУ-ын ДНБ-ний 6%-д хүргэх зорилт дэвшүүлснийг онцлов.

БНБуриад Улсын Тэргүүн Алексей Цыденов хэлэхдээ, бүтээлч үйлдвэрлэлийн салбар эдүгээ Буриадын ДНБ-ний 2,8%-ийг бүрдүүлж, 2030 он гэхэд 4,5%-д хүрэх төлөвлөгөөтэй байгаа гэжээ.

БНБуриад Улсад прототип бүтээх төв, Бүтээлч үйлдвэрлэлийн сургууль, түүнчлэн 13,8 мянган м² талбай бүхий Бүтээлч үйлдвэрлэлийн төв баригдаж байгаа аж. Энэхүү төвд загвар, дизайн, ардын урлаг, IT болон медиа контентын салбарын төлөөлөл байрлан үйл ажиллагаагаа явуулах юм.

Дэлхийн эдийн засагт хүч түрэн орж ирж байгаа оюуны бүтээлч үйлдвэрлэлийн салбарын олон улсын Гуравдахь удаагийн форумд ОХУ-ын 40 бүс нутаг, гадаадын 10 улсын төлөөлөгчид оролцсоны дотор Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Соёл, урлагийн бодлого зохицуулалтын газрын дарга Д.Наранцэцэг, Монгол Улсын Соёлын Элч Х.Дамдинсүрэн, "Монгол кино" нэгтгэлийн захирал Б.Түмэн-Өлзий, ОХУ-ын бүс нутагтай ажиллах Санаачлага төвийн захирал Д.Цэцэгдэлгэр, ССАЖЗЯ-ны мэргэжилтнүүд, UBS Телевизийн баг бүрэлдхүүн зэрэг 20 гаруй хүн оролцов.

Монгол Улсаас ОХУ-ын Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консул Ц.Ганхуяг форумын нээлтийн арга хэмжээнд оролцсон байна.

Зургийг ОХУ-ын ГХЯ-ны Улаан-Үд хотод суугаа Төлөөлөгчийн газрын Телеграмм хуудаснаас ашиглав.