Аугаа их Эх орны дайны ялалтын 81 жилийн ойн арга хэмжээнд оролцов
БНБуриад Улсад зохиогддог Ялалтын баярт Монгол Улсын төлөөлөгчид жил бүр уламжлалын дагуу өргөн бүрэлдхүүнтэй оролцов. Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржоор ахлуулсан төлөөлөгчид, Монгол Улсын Хил хамгаалах Ерөнхий газрын төлөөлөл, “Монгол хурандаа”, “Генерал Сан” холбоод, урлагийн салбарынхан зэрэг 200 орчим зочин хүрэлцэн ирсэн байв.
Монгол Улсаас ОХУ-ын Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консул Ц.Ганхуяг Улаан-Үд хотноо явагдсан Аугаа их Эх орны дайны ялалтын 81 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээ болох Аугаа эх орны дайны нэрт жанжин, Зөвлөлт Холбоот Улсын хоёр удаагийн баатар Константин Константинович Рокоссовскийн хөшөөнд цэцэг өргөн Монголын төлөөлөгчдийг тэргүүлэн үг хэлэв.
Ерөнхий консул Ц.Ганхуяг хэлсэн үгэндээ, “...Монгол Улс болон ОХУ-ын харилцаа олон жилийн баялаг түүхтэй бөгөөд түүний чухал хэсэг нь батлан хамгаалах, цэргийн салбарын хамтын ажиллагаа юм. Халх голын байлдаанаас эхлэлтэй, Аугаа эх орны дайны жилүүдэд улам бэхэжсэн манай хоёр ард түмний ахан дүүсийн холбоо, хамтын ажиллагаа өнөөдөр ч хөгжиж, улам батжин бэхжсээр байна...” гэдгийг онцоллоо.
2026 оны 5 дугаар сарын 9-ний өдөр 10.00 цагт эхэлсэн Хүндэтгэлийн парадыг нээж Буриадын Тэргүүн Алексей Цыденов хэлсэн үгэндээ, Аугаа эх орны дайны жилүүдэд Зөвлөлт Холбоот Улсад хамгийн түрүүнд тусламжийн гараа сунгасан ахан дүүс Монголын ард түмэнд онцгой талархал илэрхийлэв.
Мөн өдөр Ялалтын 81 жилийн ойд зориулсан их бууны ёслолын буудлагын арга хэмжээнд Монгол Улсаас ОХУ-ын Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консул Ц.Ганхуяг оролцов.
Ёслолын буудлагын дараа Буриадын Тэргүүн Алексей Цыденовын хүндэтгэлийн хүлээн авалтад “Монгол хурандаа” нийгэмлэг, “Генерал Сан” холбооны төлөөлөгчид оролцох үеэр Ерөнхий консул Ц.Ганхуяг баяр хүргэн үг хэлж, “Монголын хурандаа” нийгэмлэгийн Ерөнхийлөгч, Гавьяат багш Ч.Баатарын хамтаар Монгол Улсын Батлан хамгаалах сайдын тушаалаар олгогдсон "Бид ялав" медалийг Буриадын Тэргүүн А.С.Цыденов, Ардын Хурлын дарга В.А.Павлов, Эрүүл мэндийн сайд Е.Ю.Лудупова, Хөдөө аж ахуй, хүнсний сайд А.Д.Дармаев, Монгол Улстай харилцах сайд Д.Ш.Чирипов нарт гардуулав.