Улаан-Үд хотноо 1941–1945 оны Аугаа эх орны дайны Ялалтын 81 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн жагсаал, цэцэг өргөх ёслол болов
Улаан-Үд хотноо 1941–1945 оны Аугаа эх орны дайны Ялалтын 81 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн жагсаал, цэцэг өргөх ёслол болов.
Уг хүндэтгэлийн арга хэмжээнд төрийн байгууллагын төлөөлөгчид, олон нийт, мөн тогтсон уламжлалын дагуу Монголоос зочид хүрэлцэн ирж оролцлоо. Үүнд: Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржоор ахлуулсан төлөөлөгчид, Монгол Улсын Хил хамгаалах Ерөнхий газрын төлөөлөл, “Монгол хурандаа”, “Генерал Сан” холбоод болон бусад хүндэт зочид байв.
Ёслол Аугаа эх орны дайны нэрт жанжин, Зөвлөлт Холбоот Улсын хоёр удаагийн баатар Константин Константинович Рокоссовскийн хөшөөнд цэцэг өргөснөөр эхэллээ. Түүний намтар Бүгд Найрамдах Буриад Улс болон Монгол Улсад ажиллаж, алба хаасан түүхээр тэмдэглэгдсэн байдаг.
Иргэний дайны жилүүд болон 1920-иод онд К.Рокоссовский Буриадад цэргийн алба хааж байв. 1921 онд тэрээр барон Унгерний хүчийг бут цохисон морин цэргийн ангийг командалжээ. Түүний шууд оролцоотойгоор тус бүгд найрамдах улсад үндэсний анхны цэргийн нэгтгэл болох Буриадын морин цэргийн дивизион байгуулагдсан байна. Мөн 1925 онд Улаанбаатар хотноо Монголын тусгай морин дивизийн зааварлагчаар ажиллаж байжээ.
Үүний дараа “Оросын баатруудын алдар суу...” нэртэй театрчилсан пролог тоглогдов.
Буриадын Тэргүүн Алексей Цыденов болон албаны бусад хүмүүс мэндчилгээ дэвшүүлэн үг хэллээ.
Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс Бүгд Найрамдах Буриад Улсын ард иргэдэд Монгол Улсаас ОХУ-ын Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консул Ц.Ганхуяг баяр хүргэж хэлсэн үгэндээ:
“...Монгол Улс болон ОХУ-ын харилцаа олон жилийн баялаг түүхтэй бөгөөд түүний чухал хэсэг нь батлан хамгаалах, цэргийн салбарын хамтын ажиллагаа юм. Халх голын байлдаанаас эхлэлтэй, Аугаа эх орны дайны жилүүдэд улам бэхэжсэн манай хоёр ард түмний ахан дүүсийн холбоо, хамтын ажиллагаа өнөөдөр ч хөгжиж, улам батжин бэхжсээр байна...” гэдгийг онцоллоо.
Жагсаалд оролцогчид Ялалтын дурсгалын хөшөөний өмнө цэцэг, өргөж, Аугаа эх орны дайны тулалдааны талбарт амь үрэгдсэн бүх дайчдын дурсгалыг нэг минут дуугүй зогсон хүндэтгэлээ.
Буриад Улс эх орноо хамгаалахаар бараг 120 мянган дайчдыг фронтод илгээсэн бөгөөд тэд Өвөр Байгалийн 16 дугаар армийн бүрэлдэхүүнд багтан явган гурван болон танкийн гурван дивизэд тулалдсан юм. Мөн 1942 оны гуравдугаар сард байгуулагдсан Сибирийн 321 дүгээр явган цэргийн дивизийн бүрэлдэхүүнд багтан байлджээ. Дайнаас 42.5 мянган цэрэг, офицер эргэж ирээгүй байна.
Дайны жилүүдэд Буриадаас төрсөн 37 хүн Зөвлөлт Холбоот Улсын Баатар цолоор шагнагдаж, 12 дайчин “Алдрын одон”-гийн бүрэн кавалер болсон юм. Тэдний хүрэл барельефууд Ялалтын дурсгалын цогцолборт байрладаг.
Буриад Улсад зохиогддог Ялалтын баярт Монгол Улсын төлөөлөгчид жил бүр оролцож байгаа нь түүхэн ой санамж хадгалагдан үлдэж, Орос-Монголын байлдааны ахан дүүсийн уламжлал, харилцан туслалцаа, энх тайвны төлөөх хамтын тэмцлийн залгамж чанар үргэлжилж буйг илтгэн харуулж байна. Энэхүү нөхөрлөл нь Халх голын тулалдаанд Монголын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалан Японы милитаристуудын эсрэг хамтран тулалдсан Зөвлөлт, Монголын дайчид, мөн Аугаа эх орны дайны хүнд жилүүдэд гитлерийн Германы эсрэг хамтран тэмцсэн түүхэн үндэс суурьтай билээ.
Жагсаалд мөн ОХУ-ын Гадаад хэргийн яамны Улаан-Үд хотод суугаа Төлөөлөгчийн газрын Тэргүүн А.Пономарева болон тус төлөөлөгчийн газрын ажилтнууд оролцов.