Ерөнхий консул Ц.Ганхуяг консулын патентын хуулбараа барив
Ерөнхий консул Ц.Ганхуяг консулын патентын хуулбараа барив
2025.08.11
2025 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 13.00 цагт Монгол Улсаас Оросын Холбооны Улсын Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консул Ц.Ганхуяг ОХУ-ын БНБуриад Улсын Тэргүүн А.С.Цыденовт консулын патент, экзекватурын хуулбараа гардуулах ёслолын арга хэмжээ БНБуриад Улсын Тэргүүний ордны Уулзалтын танхимд зохион байгуулагдав.
Ёслолын арга хэмжээ явагдахад айлын талаас ОХУ-ын Гадаад хэргийн яамны Улаан-Үд дэх Төлөөлөгчийн газрын Тэргүүн Александра Ивановна Пономарёва, БНБуриад Улсын Эдийн засгийн сайдын үүрэг гүйцэтгэгч Владимир Хингелов, манай талаас Дэд консул Б.Батням, консулын техникийн ажилтан Б.Болдсүрэн нар байлцав.
Ёслолын арга хэмжээ эхлэхийн өмнө БНБуриад Улсын Тэргүүн А.С.Цыденов Ерөнхий консулаар томилогдсон ноён Ц.Ганхуягт баяр хүргэж, Монгол Улс болон БНБуриад Улс хоорондын харилцаа, хамтын ажиллагааны талаар туршлагатай дипломат томилогдон ажиллах болсонд баяртай байгаагаа илэрхийлэн, хамтын ажиллагааны гол чиглэл, хэтийн төлвийн талаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, соёл боловсрол, аялал жуулчлалын салбарт харилцаа түлхүү хөгжиж байна гээд Буриадын Их сургууль дээр Монгол хэл, соёлын төв байгуулагдсанаар ОХУ болон бусад улсын иргэд монгол хэлний түвшин тогтоох шалгалт өгөх суралцах өргөн боломж нээгдсэн, Улаан-Үд хотноо ирээдүйд байгуулагдах оюутны кампуст ОХУ-ын их, дээд сургуульд суралцах монгол оюутнуудыг орос хэлний бэлтгэлд хамруулахаар тогтсон, хоёр улсын төв банк хооронд яригдаж байгаа ОХУ-ын Мир карт хэрэглээнд орохыг хүлээж байгаа тухай болон Байгаль нуурын хөвөөнд олон улсын жишигт нийцсэн амралт сувилалын байгууламжууд баригдаж байгаа, монголын жуулчид улам олноор амрах боломж нээгдэж байгаа зэрэг асуудлыг жишээ болгон онцоллоо.
Ерөнхий консул Ц.Ганхуяг хэлсэн үгэндээ, БНБуриад Улсад ЕКГ-ын Консулаар 2 жил ажиллаад улмаар Ерөнхий консулаар томилогдон ажиллах болсондоо баяртай байна гээд консулын патент, экзекварын хуулбараа гардуулах ёслолын арга хэмжээг зохион байгуулж, гүн хүндэтгэлтэйгээр угтан авсанд талархал илэрхийлэн Монгол Улс, ОХУ-ын хооронд өндөр дээд түвшний болон бүс нутаг, байгууллага хоорондын харилцаа тууштай хөгжиж байгааг энэ ялдамд тэмдэглэхэд тун таатай байна гэв. Тэрбээр цааш нь, манай хоёр улс олон мянган км хуурай газраар хиллэдэг, өнө эртний хамтын ажиллагаатай улсууд. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин 2019 оны 9 дүгээр сард Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улсын хоорондын гэрээ” байгуулагдаж, ийнхүү Монгол Улс иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг ОХУ-тай тогтоосон. Монгол Улс, ОХУ-ын хоорондын стратегийн иж бүрэн түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд БНБуриад Улс чухал ач холбогдолтойг тэмдэглэж, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын дагуу хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх сонирхолтой байна. Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хооронд 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотноо байгуулсан “Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай хэлэлцээр”, “Монгол, Оросын бүс нутаг хоорондын хамтын ажиллагааг 2021-2025 онд хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр” болон бусад баримт бичгүүдийн хэрэгжилтийг ханган ажиллахад БНБуриад Улсын удирдлагуудтай идэвхтэй хамтран ажиллах болно хэмээн онцоллоо.