Монгол Улсын Боловсролын сайд П.Наранбаяр Улаан-Үд хотноо ажиллав
Монгол Улсын Боловсролын сайд П.Наранбаяр Улаан-Үд хотноо ажиллав
Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Буриад Улсын нийслэл Улаан-Үд хотноо Монгол, Оросын их сургуулиудын ректоруудыг чуулга уулзалтыг 2025 оны 07 дугаар сарын 4-5-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Чуулга уулзалтыг Монгол Улсын Боловсролын сайд П.Наранбаяр, Оросын Холбооны Улсын Шинжлэх ухаан, дээд боловсролын Дэд сайд К.И.Могилевский болон Бүгд Найрамдах Буриад Улсын Тэргүүн А.С.Цыденов нар нээж үг хэлэв.
Чуулга уулзалтад Монголын талаас Монгол Улсын их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Анагаахын шинжлэх ухааны их сургууль, “Этүгэн”, “Идэр” их сургууль зэрэг 12 их сургуулийн 57 төлөөлөгч оролцсон бол Оросын Холбооны Улсын М.В. Ломоносовын нэрэмжит Москвагийн улсын их сургууль, Новосибирскийн улсын техникийн их сургууль, Москвагийн олон улсын харилцааны дээд сургууль, Алс Дорнодын зам харилцааны улсын их сургууль, Доржи Банзаровын нэрэмжит Буриадын улсын их сургууль, Томскийн политехникийн их сургууль, Санкт-Петербургийн нэгдүгээр анагаах ухааны их сургууль зэрэг 54 их сургуулийн 63 төлөөлөгч оролцсон байна.
Чуулга уулзалтын үеэр Боловсролын сайд П.Наранбаяр, Оросын Холбооны Улсын Шинжлэх ухаан, дээд боловсролын Дэд сайд К.И.Могилевский болон Бүгд Найрамдах Буриад Улсын Тэргүүн А.С.Цыденов нартай уулзан дээд боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцож, ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгийн хэмжээг нэмэгдүүлэх саналыг Оросын талд дахин дэвшүүлэв. Мөн Буриадын улсын их сургуульд үүд хаалгаа нээж буй “Монгол хэл, соёлын төв”-ийн үйл ажиллагааг дэмжин ажиллана гэдгээ илэрхийллээ.
Түүнчлэн чуулга уулзалтын хүрээнд “Монгол Улсын Боловсролын яам, Оросын Холбооны Улсын Шинжлэх ухаан, дээд боловсролын яам хоорондын дээд боловсролын салбарт 2025-2029 онд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны хөтөлбөр”-т гарын үсэг зурлаа.