images

Парадын үеэр А.С.Цыденовын хэлсэн үг

Ерөнхий Консулын Газрын мэдээ

2025-05-13

22

БНБуриад Улсын Тэргүүн А.С.Цыденов Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадын үеэр хэлсэн үг
Улаан-Үд хот, 2025.05.09

Ахмад дайчид, ар талд ажиллагсад, цэргийн алба хаагчид болон командлалууд, тусгай цэргийн ажиллагаанд оролцогчид оо!

Монгол Улсаас ирсэн хүндэт зочид оо!

Эрхэм хүндэт нутгийн ард иргэд ээ!
Аугаа Эх орны дайны Ялалтын 80 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье!
Найман арван жилийн өмнө манай ард түмэн эрх чөлөө, амьд явах эрхээ хамгаалж чадсан. Зөвлөлт Холбоот Улсын 27 сая цэрэг болон энгийн иргэний амиар нацист Германыг бут цохисон билээ.
Аугаа Эх орны дайны жилүүдэд бид Гитлерийн эзэлсэн Европ тивийн аж үйлдвэрийн болон хүний нөөцийн асар том бүлэглэлтэй тулгарч байсан. Зөвхөн Зөвлөлтийн цэргүүдийн эрэлхэг зориг, ар талын ард түмний эв нэгдэл л дэлхийн түүхэн дэх хамгийн их цус урсгасан энэ дайнд ялалт байгуулах боломжийг олгосон. Иймд Ялалтын өдөр бол бидний хувьд ариун баяр билээ.
Бид Аугаа Эх орны дайны баатруудыг үүрд санаж, эргэж ирээгүй тэдний дурсгалыг үеийн үед хүндэтгэх болно. Энэхүү дайн зөвхөн манай улсын төдийгүй дэлхий дахины хувь заяаг шийдсэн дайн байсан. Европ, Африк, Азийн орнуудын хувь тавилан ч бидний ялалтаас хамаарч байв. 1940 он гэхэд Япон улс аль хэдийнэ Хятадын хэсгийг эзэлсэн байсан бөгөөд хэрвээ Германы ялалттай дууссан бол Япон улсад нэмэлт дэмжлэг очиж, Ази–Номхон далайн бүс нутгийн орнуудын хувь тавилан огт өөр болох байсан.
Бид ялалтыг ямар их үнээр олж авснаа мартах ёсгүй. Мөн Монголын ард түмний үнэлж баршгүй тусламжийг ч бас мартахгүй.
Монгол Улс Зөвлөлт Холбоот Улсад тусламж үзүүлсэн анхны орон байсан. Дайны бүх хугацаанд Монгол Улс фронт руу үнэгүй болон нөхөн төлбөртэй тусламж үзүүлж, нийт 500 мянга орчим морь нийлүүлсэн. Үүнээс 32 мянган морийг монголын малчин ардууд өөрсдийн сайн дураар хандивласан байдаг. Мөн мах, мал, дулаан хувцас илгээж байсан. Монголын ард түмний хандиваар нийт 53 танк үйлдвэрлэгдэж, зарим нь Берлин хүрсэн. Түүнчлэн “Монгол арат” нэртэй 12 Ла–5 сөнөөгч онгоц бүхий нисэх эскадриль байгуулагдаж, мөн адил Берлин хүртэл тулалдсан. Орчин үеийн нисэх онгоцоор тоноглогдсон “Монгол арат” эскадриль өнөөдөр ч үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, тусгай цэргийн ажиллагаанд оролцож байна.
Өнгөрсөн жил бид Халхын голын ялалтын 85 жилийн ойг Монгол Улстай хамтран тэмдэглэсэн. Тухайн үед Зөвлөлт Холбоот Улс Японы түрэмгийллээс Монголыг хамгаалахад хамтран оролцсон билээ. Харин өнөөдөр бид Аугаа Ялалтын 80 жилийн ойг хамтдаа тэмдэглэж байна.
Өнөөдөр дэлхий дахинд түүхийг гуйвуулж, үнэнийг бүдгэрүүлэх оролдлого явагдаж байна. Зөвлөлт Холбоот Улс, Орос улс ялалтад гол хувь нэмэр оруулаагүй, бусад орнууд ялалтыг авчирсан гэх ташаа мэдээлэл түгэж байна. Гэвч бид мэднэ — АНУ, Их Британи улсууд хоёр дахь фронтыг зөвхөн 1944 оны зургадугаар сард нээсэн. Тэр үед ЗХУ Сталинград, Курскийн тулалдаанд ялалт байгуулж, Киевийг чөлөөлж, хил даван Европыг чөлөөлж эхэлсэн байсан. Тиймээс хоёр дахь фронт Зөвлөлтийн ялалтын дараа, Германы ялагдал бараг тодорхой болсон үед нээгдсэн.
Ленд-лизийн гэрээний хүрээнд АНУ-аас ирсэн зэвсэг, техникүүдийг мөн бодитоор үнэлэх хэрэгтэй. Мэдээж тусламж байсан. Гэхдээ энэ нь зөвхөн 1943 оноос хойш эрчимжиж, тухайн үед ЗХУ аль хэдийнэ дайн дахь эргэлтийн цэгийг давсан байсан. Ленд-лизийн нийлүүлэлт нь ЗХУ-ын зэвсэг, техникийн үйлдвэрлэлийн ердөө 4%-ийг эзэлж байсан. Мөн энэхүү тусламж нь Монголын туслалцаанаас ялгаатай нь бүрэн төлбөртэй байсан бөгөөд ЗХУ дайны үед алтаар төлж, сүүлчийн төлбөрийг 2006 онд л дуусгасан байдаг.
Зөвлөлт Холбоот Улс, Орос Улс ялалтад гол хувь нэмэр оруулж, хамгийн хүнд хохирлыг амссан. Тиймээс бид түүхээ мэдэж, үр хүүхдэдээ дамжуулан, үнэнийг гуйвуулах аливаа оролдлогын эсрэг бат зогсох ёстой.
Өнөөдөр харамсалтай нь дэлхий дахинд дахин фашизм, нацизмын аймшигт үзэл санаа сэргэж байна. Зарим ард түмэн, улс орнуудыг өөрсдөөсөө доогуур гэж үзэх, өөрийн ашиг сонирхлоор энгийн иргэдийг ч хөнөөхийг зөвтгөх энэ үзэл санааны эсрэг бид нэгдмэл байр суурьтай байж, тэмцэх ёстой.