images

Тэнгэрт тэтгэгдэн газарт гагнагдсан НАЙРАМДАЛ. Ахан дүүс: Монгол-Орос

Ерөнхий Консулын Газрын мэдээ

2025-04-18

4

Тэнгэрт тэтгэгдэн газарт гагнагдсан НАЙРАМДАЛ. Ахан дүүс: Монгол-Орос


БНБуриад Улсын ЗГ, Оросын Академийн Сибирийн салбар, Оросын түүхийн нийгэмлэг, “Эх орны түүх” сан, ОХУ-ын ШУ-ны сан, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол, Буддын шашин, Төвд судлалын хүрээлэн, Монгол Улсын ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Монгол Улсын Олон улс судлалын хүрээлэн, Буриад Улсын Үндэсний музей, Буриад Улсын Төв архив хамтран зохион байгуулсан “Дэлхийн 2-р дайн: түүхэн туршлага, ой санамж, залгамж чанар” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал /ОХУ, Монгол Улсын эрдэмтдийн өргөн бүрэлдхүүнтэй баг, Казахстан, БНХАУ-ын Хөлөнбуйрын төлөөлөл оролцсон/ 2025.04.17-ны өдөр Улаан-Үд хотноо үйл ажиллагаагаа эхэлж, Бага хурлын Бүгд хуралдаанд Монгол Улсаас Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консулын үүргийг Түр орлон гүйцэтгэгч Цэрэндоржийн Ганхуягийн хэлсэн үг:

Монгол-Оросын ард түмнүүдийн хувьд мартаж үл болох хамгаас нандигнах зүйл бол бидний нөхөрлөл юм. Энэхүү онцгой нөхөрлөл нь манай ард түмнүүдийн зовлон шаналал дундуур хамтдаа туулж гарсан харилцан итгэл дээр суурилдаг. Түүхийн сорилт шалгалт тулгарах үед манай хоёр улсын хооронд 1936 онд байгуулагдсан Харилцан туслах Протокол хамтын ажиллагааны үндсийг тавив. Бидний нөхөрлөлийн сорилт шалгалт Халх голын байлдаан, Дэлхийн 2-р дайн, Чөлөөлөх дайнуудаар үргэлжилсэн.
Энэ үе бол бидний хамтын зовлонт, хүнд үе байсан. Тэр үед 800 орчим мянган хүн амтай байсан Монгол Улс фашизмын эсрэг дайнд ЗХУ-ын анхны холбоотон болж  Монголчууд “Бүхнийг фронтод Бүхнийг ялалтын төлөө” уриан дор ажлын цагийг уртасган 10 цагаар ажиллан, монгол хүн бүр, монгол айл өрх бүр ялалтын төлөө Зөвлөлтийн улаан армитай амь нэг, сэтгэл зүтгэл нэг байсан юм.
Тэр үед Монгол Улсын төсвийн тэн хагас нь батлан хамгаалах салбарт ногдох болов. Тусламжийн талаар олон жишээг өгүүлж болох ч монгол морьдтой холбоотой хэсгээс цухас дурдая.
Нүүдэлчин Монголчуудын соёл нь морьтой их холбогддог. 
Монгол хүн морио дээдэлдэг, мориндоо тун хайртай байдаг. Дайн эхлэх үед Монгол Улс 2,5 сая адуутай байж. 5 морь тутмын нэг нь фронтод илгээгджээ. Зөвлөлтийн морин дивизийн нийт морьдын тавны нэг тутам нь монгол морьд байсан гэдэг. Морины алдарыг магтан босгосон хөшөө тийм ч олонгүй болов уу. Тэгвэл монгол морьдын хүч, зүтгэлийг харуулсан “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөг монгол, оросын уран барималчид Москва хотын Хүндэтгэлийн дэнж /Поклонная гора/ дэх цэцэрлэгт хүрээлэнд босгосон юм. 
Манай улсууд руу гадны түрэмгийлэгчид халдан довтлох үед бие биедээ тусалж, цус, гал, хөлс дундаас боссон манай хоёр орны нөхөрлөл, найрамдлын талаар түүхэн үнэнийг дэлгэн хэлэлцэж, өнөө үеийнхэн, бидний хойч үе энэ үнэн түүхийг үргэлж хадгалж, хамгаалж, цааш цаашид өвлүүлэх их үйлсэд Олон улсын өнөөдрийн бага хурал хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна. 
Хүн төрөлтөн арьс өнгө, үзэл бодол, хөрөнгө чинээ, гарал үүслээс үл хамаарч эрх тэгш, харилцан бие биедээ хүндэтгэлтэй ханддаг нийгмийг цогцлоох үйлс тийм ч амар хялбар биш байна. 
Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн  баярыг тэмдэглэх нь фашизм дахин хэзээ ч сэргэж болохгүйг ухааруулж, тайван амьдрал амар хялбар замаар бий болоогүйг сануулах агуулгаараа асар их ач холбогдолтой юм.
Монгол-Оросын ган бат найрамдал нь тэнгэрт тэтгэгдэн газарт гагнагдсан харилцаа юм. Бага хурлын ажилд амжилт хүсье.