БНБуриад Улсын Тэргүүн А.С.Цыденов мэндчилгээ дэвшүүлэв
МЭНДЧИЛГЭЭ
Эрхэм анд нөхөд, ах дүү Монголын ард түмэн минь ээ!
Өнөөдөр Монгол Улс БНУ тунхагласны 100 жилийн ойн тэмдэглэлт өдөр тохиож байна! Нэгэн зууны тэртээ 1924 оны 11 дүгээр сарын 26-нд Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг зарлан тунхагласан юм.
Монголд өрнөсөн хувьсгал нь залуу Зөвлөлт Улсын түүхэн хувьсгалт үйл явцын үргэлжлэл болсон. Тэр л өдөр манай ард түмнүүдийн олон жил үргэлжлэх найрамдал, харилцан туслалцах түүхийн шинэ үе эхэлсэн билээ.
Бид Халхын голд БНМАУ-ын тусгаар тогтнолыг империалист булаан эзлэгчдээс хамгаалсан. Сталин шаардсаны дагуу бидний Ялалтын үр дүнг 1945 оны Ялтын Бага хурлын тэмдэглэлээр бататгаж, энэ үндсэн дээр БНМАУ-ыг дэлхий нийтэд хүлээн зөвшөөрүүлж чадсан юм.
Аугаа их Эх орны дайны жилүүдэд Монгол Улс манай улсад үнэлж баршгүй тусламж үзүүлж, армид морь, хоол хүнс хандивлан, цэргийн техник хэрэгсэл худалдан авах хөрөнгийн тусламж үзүүлсэн юм. Монголын тал нутгийн морьд Улаан армийн хамт Берлин хүртэл явсан. Москвагийн Ялалтын музейд монгол морьдын эр зоригийг бахдан хөшөө босгосон. Ийм үйл явдлыг манай ард түмэн ой санамждаа үүрд хадгалан, үл мартах болно. Энэ жил ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монгол Улсад айлчилж, Халхын голын байлдааны баатрууд бидний нийтлэг дурсгалыг гүнээ хүндэтгэж байгаагаа илэрхийлсэн.
Ах дүү манай ард түмнүүд үргэлж хамтдаа урагшилсаар ирсэн бөгөөд Зөвлөлтийн инженерүүд хот, үйлдвэрүүд барьж байгуулан, эрдэмтэн, агроном, эмч, багш нар туршлага, мэдлэгээ хуваалцаж, Монголын өнөөгийн амжилтын үндэс суурийг тавьсан юм. Монгол бараа бүтээгдэхүүн манайд үргэлж эрэлттэй байсаар ирсэн.
Түүхийн янз бүрийн цаг үед Орос, Монголын ард түмнүүд баяр баясгалан, зовлон гунигаа хуваалцаж, бие биедээ түшиг болсоор ирсэн. Энэ цаг үед манай орнуудын иж бүрэн стратегийн түншлэл, цаашдын найрамдалт харилцааг хөгжүүлэх хоёр талын эрмэлзэл улам бэхжиж байна.
Хэдэн арван жил өнгөрсөн ч "Бид хамтдаа!" гэж дахин мэдэгдэхэд бид бэлэн байна.
Эрхэм Монгол анд нөхөд өө, Та бүхэнд БНУ-аа тунхагласны 100 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье. Шинэ зуун Монгол Улсын хувьд аугаа нээлт, шинэ амжилтуудын эрин байх болтугай!
БНБуриад Улсын Тэргүүн А.С.Цыденов
2024.11.26