images

Монгол Улсаас Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консулын дипломат ажилтнуудтай Ардын Хурлын дарга уулзалт хийлээ

Ерөнхий Консулын Газрын мэдээ

2024-11-13

10

Монгол Улсаас Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консулын дипломат ажилтнуудтай Ардын Хурлын дарга уулзалт хийлээ

Бүгд Найрамдах Буриад Улсын Ардын Хурлын дарга Владимир Павлов Монгол Улсаас Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консул хатагтай Д.Нямцэрэнг 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр албан өргөөндөө хүлээн авч уулзлаа. Уулзалтад Бүс хоорондын харилцаа, үндэсний асуудал, залуучуудын бодлого, олон нийт, шашны нийгэмлэгийн хорооны дарга Виталий Лыгденов, Консул Б.Батчулуун, Дэд консул Ч.Батбилэг мөн ОХУ-ын ГХЯ-ны Улаан-Үд дэх Төлөөлөгчийн газрын олон улс болон гадаад эдийн засгийн харилцааны асуудал хариуцсан хоёрдугаар нарийн бичгийн дарга Ксения Шагдарова нар байлцав.

Ардын Хурлын дарга Владимир Павлов ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс, Монгол Улсын парламент хоорондын болон бүс нутаг хоорондын хил орчмын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмэр, “Алтаргана - Буриадын үндэсний XV-2024” Олон улсын их наадмыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэнд Монголын талд талархал илэрхийлэв.

Дараа нь талууд парламент хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар санал солилцов.

Бүгд Найрамдах Улсын Парламентын Тэргүүн Буриад, Монгол хоёр орон түүхэн гүн гүнзгий харилцаатай байдгийг дурдаж, ах дүү улстай бүс нутаг хоорондын харилцааг бэхжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Мөн Монгол Улсын Булган аймаг, Улаанбаатар хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулах саналтай байгаагаа илэрхийлэв.

Уулзалтын үеэр “ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс, Монгол Улс хоорондын сайн хөршийн харилцаа нь манай ард түмний олон жилийн үр бүтээлтэй хамтын ажиллагаа, харилцан ашигтай хамтын ажиллагаа, найрамдалт харилцаанд тулгуурладаг. Буриад Улсын Ардын Хурал нөхөрлөлөө бэхжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгдөг” гэдгийг Ардын Хурлын дарга Владимир Павлов онцлов.

Бүс нутаг хоорондын харилцаа, үндэсний асуудал, залуучуудын бодлого, олон нийт, шашны нийгэмлэгүүдийн хорооны дарга Виталий Лыгденов Бүгд Найрамдах Буриад Улс, Монгол Улсын харилцаа жил бүр бэхжиж, чанарын шинэ түвшинд гарч байгааг онцлон тэмдэглэлээ.