ОЮУТНЫ НАМАР 2024
ОЮУТНЫ НАМАР 2024
Монгол Улсаас ОХУ-ын Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консулын газар, БНБуриад Улс дахь Монголын оюутны холбоо хамтран 2024 оны 11-р сарын 03-05-ний өдрүүдэд Доржи Банзаровын нэрэмжит Буриадын Их сургуулийн спорт, урлагийн танхимд БНБуриад Улсын Улаан-Үд хотноо суралцдаг монгол оюутнуудын дунд ОЮУТНЫ НАМАР 2024 урлаг, спортын наадмыг амжилттай зохион байгууллаа. Намрын баярыг нээн Монгол Улсаас ОХУ-ын Улаан-Үд хотноо суугаа Ерөнхий консул Д.Нямцэрэн баяр хүргэн үг хэлэв.
Наадмын эхний хоёр өдөр спортын уралдаан тэмцээн сагс, волейбол, шатар гэсэн төрлүүдээр Буриад Улсын ХАА-н Академи, Буриад Улсын Их сургууль, Буриадын Багшийн коллежийн эрэгтэй, эмэгтэй нийт 10 баг өрсөлдлөө.
Наадмын урлагийн төрлөөр загварын алхалт, дуу, шүлэг, бүжиг, жүжигчилсэн тоглолт зэргээр сургууль бүр 25 минутын үзүүлбэр бэлтгэн толилуулав. Оюутнуудын урлагийн тоглолт, үзүүлбэрийн чанар, агуулга, хувцаслалт өмнөх жилээс эрс сайжирсан, оюутнууд уг наадамд эртнээс зохион байгуулалттай бэлтгэж оролцсон нь илт байв.
Бүгд Найрамдах Буриад Улсын их дээд сургууль болон коллежид суралцаж буй Монгол оюутнуудын дунд эрэгтэй, эмэгтэй сагсан бөмбөг, гар бөмбөг, шатрын тэмцээн явуулж, сургууль тус бүрийн урлагийн үзүүлбэрээр эхний гурван байраар шалгаруулан алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, шилжин явах цом, мөнгөн шагналаар шагнав.
Спорт болон урлагийн шилжин явах цомыг Буриадын Их сургуулийн баг гардан авлаа. Урлагийн шилдэг үзүүлбэр номинацид Багшийн коллежийн баг шалгарлаа.