images

ОХУ-ын Элчин сайд Алексей Николаевич Евсиков дэлгэрэнгүй ярилцлага

Ерөнхий Консулын Газрын мэдээ

2024-08-30

23

ОХУ-ын Элчин сайд Алексей Николаевич Евсиков: “Роснефть”-ээс гадна ОХУ-ын таван компани Монголд нефть нийлүүлэхэд бэлэн

https://gogo.mn/r/l5jw9

Б.Нямдарь

 

 

ОХУ-ын Ерөнхийлөгч Путин ирэх сарын 3-нд Монголд айлчлахтай холбогдуулан 2024.05.12-ны өдөр нийтэлсэн ярилцлагыг та бүхэнд дахин хүргэж байна. ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Алексей Николаевич Евсиковыг "Элчин Сайд" булангийнхаа энэ удаагийн зочноор урилаа. Тэрбээр дипломат албыг 1984 оноос хашиж байгаа ба ЗХУ, ОХУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд болон 2015-2019 онд Шанхай хот дахь Ерөнхий консулаар тус тус ажиллаж байжээ. Тэрбээр Монгол Улсад суух элчин сайдаар томилогдон ирээд нэг жил болж байна.

 

"ХОЁР УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АСАР ИХ БОЛОМЖ БАЙГААГ АЖИЛ ХЭРЭГ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ"

- Та Монголд ирээд багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд хийсэн ажлуудаасаа онцолбол? Мөн Монголд хэсэг хугацаанд амьдарч буй хувийн туршлагаасаа хуваалцаж болох уу?
-Энэ хугацаанд би төр засгийн удирдлагуудаас гадна УИХ-ын гишүүд, сайд нартай маш чухал бөгөөд сонирхолтой хэд хэдэн албан уулзалт хийлээ. Мөн Улаанбаатарт суугаа гадаадын Элчин сайд нартай ч уулзаж, хүндэтгэл үзүүллээ. Түүнчлэн урлаг, уран бүтээлийн болон шинжлэх ухааны сэхээтнүүд, бизнесменүүд, Зөвлөлт/Оросын их дээд сургууль төгсөгчдийн холбооны гишүүд болон энд суралцдаг орос оюутнуудтай уулзлаа. Орос хэлээр хичээллэдэг Улаанбаатар, Эрдэнэт хотын сургуулиудаар зочиллоо. Мөн Улаанбаатар төмөр замын ажилтай танилцаж, Улаан-Үд-Улаанбаатар чиглэлийн галт тэргээр хүртэл зорчиж үзлээ.

Ингэснээрээ би Монгол Улсын нийгэм, эдийн засгийн, улс төрийн болон соёлын амьдрал, бизнесийн орчин, экспортын чадавхыг илүү бүрэн дүүрэн, бодит байдалд нийцэхүйцээр дүгнэж чадсан мэт санагдаж байна. Энэ нь надад Орос, Монголын харилцааг төрөл бүрийн салбарт хөгжүүлэх талаарх өөрийн бодлоо илүү оновчтой гаргах, одоо байгаа тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, шинэ асуудал үүсэхээс урьдчилан сэргийлэхэд илүү бодитой санал санаачилга гаргахад туслах нь дамжиггүй.

Бүтэн жилийн турш ихэнхдээ нийслэл хотод байлаа. Учир нь чухам энд л улс төр, эдийн засгийн гол шийдвэрүүд гарч, хоёр орны харилцааны голлох үйл явдлууд өрнөдөг. Мөн Дархан, Эрдэнэт хотуудаар болон Төв аймагт зочиллоо. Ойрын хугацааны төлөвлөгөөнөөс дурдвал Зөвлөлт, Монголын цэргүүдийн агуу ялалт байгуулсан дурсгалт газрууд болох Халхын голоор аялах бодолтой байна. Би Өмнөговь аймагт очихыг хүсдэг. Үнэнийг хэлэхэд тэнд миний сонирхлыг ихэд татдаг нэг зүйл байдаг ба тэр нь Монголын мал аж ахуйн нэгэн өвөрмөц салбар буюу тэмээн аж ахуй юм. Дараа нь би Монголын баруун нутгаар аялах сонирхолтой байгаа. Тэнд үнэхээр үзэсгэлэнтэй байгальтай гэж би сонссон.

Чөлөөт цагийн хувьд гэвэл би ихэнх цагаа өөрийгөө боловсруулахад зарцуулдаг. Элчин сайдын яаманд байгаа Монголын түүх болон манай хоёр орны харилцааны тухай олон ном уншсан. Дотоод гадаадын музейд хадгалагдаж буй Монголын материаллаг соёлын өв, Монголын орчин үеийн уран бүтээлчдийн гайхамшигт бүтээлийн тухай шинэ найзуудынхаа бэлэглэсэн олон сайхан цомгийг сонирхон судалж байна.

Үндэсний, Чингис хааны, Монгол цэргийн, маршал Г.К.Жуковын зэрэг музейнүүдийг үзэж сонирхсондоо баяртай байна. Саяхан Улаанбаатар хотын музейг үзлээ. Үзмэрүүд нь гайхамшигтай ч үзэсгэлэнгийн талбай нь маш жижиг юм. Тус музей нь өнгөрсөн зууны хоёрдугаар арван жилд баригдсан модон байшинд байрладаг ба үзмэрүүдийн ихэнх хэсэг нь агуулахад байна. Миний бодлоор нийслэлийн удирдлагуудын зүгээс үүнд зохих анхаарал хандуулж чадвал тус музей нь Улаанбаатар хотын түүх, соёлын өвийн сор болох боломжтой.

Хотын гудмаар илүү их удаан алхмаар байгаа ч харамсалтай нь өнөөдрийн нийслэл явган хүмүүст тааламжтай бус байна. Ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн байхгүй, агаар цэвэрхэн биш. Машин замын хөдөлгөөн эмх замбараагүй болохоор хотоос гарч явъя гэхэд хэтэрхий их цаг шаардлагатай. Учир нь хотоос гарахад хоёр цаг, буцаж ирэхэд хоёр цаг болж байна.

  •  
  •  

 

- ОХУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш нэгэн зуун өнгөрчээ. Өнгөрсөн хугацааны найрсаг харилцааны ололт амжилт, цаашдаа хийхээр төлөвлөж буй зүйлсийн талаар бидэнтэй хуваалцана уу?
- Манай хоёр орны харилцааны зуун жилийн түүхийг хоёр үе шаттай гэж үздэг. Эхний далан жил нь ЗХУ, БНМАУ-ын бүх талын хамтын ажиллагааны үе шат юм. Энэ хугацаанд 1921 оны хувьсгалаас өмнө буурай орнуудын нэг байсан Монгол Улс илт, үгүйсгэх аргагүй амжилтад хүрсэн. Юуны өмнө тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдлыг хамгаалж чадсан. Дайны дараа Ялтын бага хурлын шийдвэрийн үндсэн дээр БНМАУ-ын тусгаар тогтнолыг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрүүлсэн бөгөөд танай улс НҮБ-ын гишүүн болсон. ЗХУ-ын тусламжтайгаар хүн ам зуун хувь бичиг үсэг тайлагдсан. Монгол үндэстний доройтол болон цөөрлийг зогсоох хамгийн чухал зорилтод хүрэхэд ариун цэврийн болон тархвар судлалын нөхцөл байдал эрс сайжирсан нь шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн. Монгол улс өөрийн гэсэн шинжлэх ухааны, уран бүтээлийн болон инженер техникийн сэхээтнүүдтэй болсон. Мөн шүүх, прокурорын байгууллага, эдийн засгийн төлөвлөлт, боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан, соёл, спортын гээд орчин үеийн төрийн тогтолцоо бий болсон. Хот төлөвлөлтийн хамгийн өндөр стандартын дагуу улсын нийслэл хотыг барьж байгуулсан.

Монгол нутгийн хойд болон урд зүгийг төмөр замаар холбож, 150 гаруй аж үйлдвэрийн цогцолборууд, тэр дундаа уул уурхайн томоохон хамтарсан үйлдвэрүүд болох “Эрдэнэт” болон “Монголросцветмет” баригдсан. Хэрэв би андуураагүй бол эдгээр үйлдвэр нь тухайн цагтаа танай улсын ДНБ-ий 20 орчим хувийг бүрдүүлдэг байсан. Монгол Улсын эрчим хүчний сүлжээ бараг тэр чигээрээ мөн тэр үед бий болсон.

Хоёр дахь үе шат нь 90-ээд оны эхээр эхэлсэн. Манай хоёр оронд ардчилсан өөрчлөлтүүд өрнөсөн. Монголын ардчилагчдын анхны давлагаа нь социализмын эрс эсрэг байр суурьтай байсан бөгөөд Монгол Улсын хөгжилд ЗХУ сөргөөр нөлөөлсөн гэх үзэл бодол өргөн тархсан. Шинэ ардчилсан Оросын эрх баригчид ч мөн Монгол Улстай болон бусад социалист орнуудтай харилцахдаа социалист интернационализмын зарчмаас татгалзаж, өөрөөр хэлбэл өмнөх цагийн хөнгөлөлттэй зээл тусламжийн бодлогоо зогсоож, үндэсний эдийн засаг ЗСБНХУ-аас ихээхэн хамааралтай байсан Монгол Улстай худалдаа, эдийн засгийн болон соёл, боловсролын харилцаа холбоогоо гэнэт тасалсан нь тус улсыг эдийн засаг, нийгмийн ноцтой хямралд оруулж байв.

Хоёр талын харилцаа гүн зогсонги байдалд орсон бөгөөд үүний сөрөг үр дагавар өнөөдөр ч мэдрэгдсээр байна. Талууд хамтын ажиллагаагаа нийгэм, эдийн засгийн болон улс төрийн шинэ нөхцөлд сэргээхийн тулд 2000-аад оны эхээр хүчин чармайлт гаргаж эхэлсэн. Энд 2000 оны арваннэгдүгээр сард ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад хийсэн айлчлал чухал үүрэг гүйцэтгэсэн ба энэ нь Монгол Улсад хойд хөрш орны Төрийн тэргүүний хийсэн хоёр дахь айлчлал болсон юм. Үүнээс өмнө 1974 онд ЗХУ-ын Коммунист намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Л.И.Брежнев Улаанбаатар хотноо айлчилж байсан. В.В.Путины энэхүү айлчлал нь Орос Улс аажмаар Монголд “буцаж ирж” эхэлсний дохио болсон гэж би боддог.

 

Одоогийн байдлаар манай хоёр орны дунд улс хоорондын болон Засгийн газар хоорондын 150 орчим гэрээ хэлэлцээр хүчин төгөлдөр үйлчилж байна. Эрх зүйн орчны гол цөм нь 2019 оны есдүгээр сарын 3-ны өдөр хугацаагүйгээр байгуулсан Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээ юм. 2016 оноос эхлэн Орос, Монголын стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай дунд хугацааны хөтөлбөр хэрэгжиж байгаа ба уг баримт бичиг нь одоо ч хүчин төгөлдөр хэвээр байна.

Дээд болон өндөр түвшний харилцаа холбоо тогтмол бөгөөд хэвийн, парламент хоорондын хамтын ажиллагааг ОХУ-ын Холбооны Хурлын хоёр танхимын болон Монгол Улсын Их Хурлын удирдлагууд харилцан айлчлал хийх хэлбэрээр үргэлжлүүлж байна. Холбооны зөвлөл болон УИХ-д найрамдлын бүлгүүд, мөн Орос-Монголын парламент хоорондын комисс ажиллаж байна. Хоёр орны Аюулгүй байдлын зөвлөлүүдийн нарийн бичгийн дарга нараар дамжуулан олон улсын харилцааны цаг үеийн асуудлуудаар санал солилцдог. Мөн Гадаад харилцааны яамд хоорондын төлөвлөгөөт зөвлөлдөх уулзалтуудын механизм сэргэж байна. Түүнээс гадна хоёр улсын Батлан хамгаалах яамд хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх урт хугацааны хөтөлбөр хэрэгжиж байна.

Бидний хамтын ажиллагааг практик чиглэлээр зохицуулах үндсэн байгууллага болох Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын хуралдаан тогтмол болдог. Түүний бүрэлдэхүүн хэсэг болгон дэд комисс, ажлын хэсгүүдийг байгуулсан ба үүнд “Хилийн усыг хамгаалах, ашиглах” тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх хамтарсан ажлын хэсэг; Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаа, аялал жуулчлалыг хөгжүүлэх дэд комисс; Үл хөдлөх хөрөнгийн асуудал эрхэлсэн ажлын хэсэг; Аж үйлдвэрийн хамтын ажиллагааны ажлын хэсэг; Санхүүгийн салбар дахь хамтын ажиллагаа ба банк хоорондын дугуй ширээний уулзалт; Хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах ажлын хэсэг; Эрчим хүчний салбарт хамтран ажиллах ажлын хэсэг; Зам тээврийн ажлын хэсэг; Боловсрол, шинжлэх ухааны салбар дахь хамтын ажиллагааны дэд комисс; Геологи, газрын хэвлийн ашиглалтын дэд комисс; Байгаль орчныг хамгаалах холимог комисс зэргийг нэрлэж болно.

Хамгийн гол нь яриа хэлэлцээгээ илүү эрчимтэй өрнүүлж, тодорхой үр дүнд хүрэхийн тулд эдгээр дэд комисс, бүлгүүдийн ажлыг тогтмолжуулах хэрэгтэй.

Бүс нутаг хоорондын харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний систем бий болсон. Тухайлбал, Өвөр Байгалийн хязгаар нь хил залгаа Дорнод болон Хэнтэй аймгуудтай, Эрхүү муж болон Буриадын Бүгд Найрамдах Улс нь Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Булган, Хөвсгөл ба Төв аймгуудтай, мөн Улаанбаатар хоттой нягт харилцаж байна. Алтай, Тува болон Хакасын бүгд найрамдах улсуудын, Алтайн хязгаар, Томск, Омск ба Новосибирск мужуудын гол түншүүд нь Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан ба Төв аймгууд юм. Бүгд Найрамдах Саха Улс (Якут) ч мөн Монгол Улстай харилцан, хамтран ажиллах алхмууд хийж байна. Хабаровскийн хязгаар, Кемерово болон Ленинград мужууд хамтран ажиллах сонирхолтой байна. Москва, Санкт-Петербург хотууд Улаанбаатартай хамтран ажиллах гэрээ аль хэдийн байгуулсан. Бүс хоорондын хамтын ажиллагааны боломж асар их ба энэхүү боломжийг ажил хэрэг болгох хэрэгтэй байна. Түнш болгонтойгоо дор хаяж нэг урт хугацааны хүмүүнлэгийн болон эдийн засгийн хамтарсан төсөлтэй болох ёстой гэж бодож байна.

Ер нь хоёр орны харилцаанд шаардлагатай бүх дэд бүтэц, мөн гол салбар дахь хамтын ажиллагааг итгэлтэйгээр ахиулахад хууль эрх зүйн орчин бий гэж боддог.


"ОРОС-МОНГОЛЫН ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТ БАРАГ 2.2 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРСЭН"
 

 

- Та сая дурдлаа, Халх голын ялалтын 80 жилийн тэгш ой энэ зун тохионо. Иймд Монголын талаас хоёр хөршийнхөө Ерөнхийлөгч нарыг урьсан. Ерөнхийлөгч Владимир Путин Монголд ирэх үү?
- Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн намар Бээжин хотноо ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзах үеэрээ түүнийг Монгол Улсад айлчилж, Халхын гол дээр Зөвлөлт, Монголын цэргүүдийн хамтын хүчээр байгуулсан ялалтын 85 жилийн ойн арга хэмжээнд оролцохыг урьсан. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа ойн арга хэмжээ эхлэхээс хавьгүй өмнө дуусгавар болох байсан тул тэр үедээ Кремль Монголын талд ямар ч хариу өгч чадаагүй. Харин одоо бол байдал өөрчлөгдсөн. Ерөнхийлөгчийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, төрийн тэргүүнээр дахин сонгогдсоныхоо дараа В.В.Путин тангаргаа өргөж, албан тушаалдаа орж, өмнө нь ирсэн олон тооны урилгыг авч үзэж, ойрын хугацаанд хийх айлчлалынхаа төлөвлөгөөг шийдэх боломжтой болсон гэсэн үг. Тиймээс Улаанбаатарт айлчлах асуудлаар нааштай шийдвэр гараасай гэж найдаж байна.

- Хоёр улсын хоорондын экспорт, импортын голлох бараа бүтээгдэхүүн, худалдааны эргэлтийн талаар асуумаар байна. Манай талаас экспортын бүтээгдэхүүний гаалийн татварыг бууруулах саналыг тавьдаг. Ямар нэг ахиц гарсан болов уу?  
- Монгол Улсын гадаад худалдааны эргэлтэд ОХУ, БНХАУ-ын дараа орж, хоёрдугаарт жагссаар байна. Өнгөрсөн онд Оросын гаалийн статистик мэдээний дагуу Орос-Монголын худалдааны эргэлт бараг 2.2 тэрбум ам.долларт хүрсэн ба ОХУ-аас Монгол руу гаргасан экспорт 2.15 тэрбум доллар болсон байна.

Оросын талаас гол төлөв газрын тосны бүтээгдэхүүн (нийт нийлүүлэлтийн 74.2 хувь), хүнсний бүтээгдэхүүн болон хөдөө аж ахуйн түүхий эд (10.9 хувь), химийн бүтээгдэхүүн (5.7 хувь) нийлүүлсэн байна. Харин Монголын талаас эрдэс бүтээгдэхүүн, голдуу жонш (нийт нийлүүлэлтийн 51.6 хувь), нэхмэл эдлэл болон гутал (11 хувь), хүнсний бүтээгдэхүүн болон хөдөө аж ахуйн түүхий эд (8.1 хувь) нийлүүлсэн байна.

Одоогийн байдлаар Монгол Улс болон Евроазийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ)-ны хооронд тодорхой жагсаалтад багтсан бараа бүтээгдэхүүнийг солилцох чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулах тухай яриа хэлэлцээ амжилттай үргэлжилж байна. Үүнд мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноосон бүтээгдэхүүн, арьс шир, савхин бүтээгдэхүүн гэсэн Монголын уламжлалт экспортын бүтээгдэхүүн гэгддэг гурван бүлгийн барааны гаалийн татварыг бууруулна, эсвэл тэглэнэ гэсэн үг юм. Яриа хэлэлцээ өнөөгийнх шигээ эрчимтэй явагдана гэж бид найдаж байна. Ингэснээрээ 2024 оны тавдугаар сард хуралдах Евроазийн дээд зөвлөлийн үеэр ЕАЭЗХ-ны гишүүн орнуудын тэргүүн нарт бэлэн төслийг өргөн барьж, энэ оны арванхоёрдугаар сард Евроазийн эдийн засгийн холбооны дээд хэмжээний уулзалтаар гарын үсэг зуруулж, батлуулах боломжтой гэж Евроазийн эдийн засгийн комиссын шинжээчид үзэж байна.

Монгол Улсын хувьд энэхүү гэрээ нь маш их ач холбогдолтой. Тухайлбал, нийт хүн ам нь 200 сая давсан Холбооны гишүүн орнуудын (үүнд Орос, Казахстан, Беларусь, Киргиз, Армен улсууд багтана) зах зээлд хамгийн таатай нөхцөлөөр нэвтрэх боломжтой болно. Гэхдээ нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Гэрээ хүчин төгөлдөр болмогц хөнгөлөлттэй нөхцөлөөр мах экспортлох боломжтой болно гэсэн үг биш юм. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр малын эрүүл ахуйн нөхцөл байдал хүнд байгаатай холбоотойгоор Монголын тал бүтээгдэхүүнийхээ аюулгүй байдлын баталгааг хангах ёстой юм.

 

 

- Монголчуудтай харьцах ОХУ-ын гаалийн ажилтнуудын харилцаа хандлага тааруу байдаг талаар зарим иргэд маань хэлдэг. Үүнд чиглэсэн ямар нэг эерэг өөрчлөлт хийх боломжтой юу?
- Миний бодлоор манай гаалийнхан хөрш улсынхаа иргэдэд хатуу ширүүн ханддаг тухай ярианууд хэтэрхий хэтрүүлэгтэй юм. Хоёр улсын гаалийн ажилтнууд ажлын байрны тодорхойлолт болон бусад дүрэм журмыг хатуу дагаж, хоорондоо нэлээд нягт холбоотой ажилладаг.

Миний ойлгож буйгаар гаалийн хяналтын механизм нь хуулиа чанд сахидаг иргэдэд саад учруулахад бус хууль бус үйлдлээс, тэр дундаа эдийн засгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой юм. Хуульд заасан журмыг дагаж мөрдөх шаардлагатай гэх мэдээллийг цахим мэдээллийн сайтуудад, мөн шалган нэвтрүүлэх цэгийн байранд байрлуулсан байдаг.

Дээрх зааврын дагуу гаалийн ажилтнууд сэжигтэй тохиолдлуудыг бүртгэж, бизнес эрхлэгчдийн гаалийн татвараас зайлсхийх зорилгоор энгийн иргэдийг ашиглан бараа бүтээгдэхүүн нэвтрүүлэх оролдлогуудыг таслан зогсоож, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах ёстой. Надад хэлсэнчлэн иймэрхүү тохиолдлууд мэр сэр гардаг. Тухайн иргэний гадаад улс оронд ашиглахаар оруулж ирж байгаа эд зүйлсийн тоог тус иргэний тус улсад өнгөрүүлэх гэж байгаа хугацаатай эрүүл ухаанаар дүйцүүлэн бодоход зохимжтой харьцаатай байваас нэг ч гаалийн ажилтан тухайн барааг импортлоход саад болохгүй гэж бодож байна.

Гэхдээ би ОХУ-ын гаалийн ажилтнууд Монгол Улсын иргэдтэй ёс зүйгүй харьцаж, эрх мэдлээ урвуулан ашигласан тохиолдол нэг ч байхгүй хэмээн бүрэн үгүйсгэмээргүй байна. Иймэрхүү төрлийн үл ойлголцол бүхий нөхцөл байдалтай тэмцэхийн тулд шалган нэвтрүүлэх цэгүүд дээр явуулдаг судалгаануудад нэрээ нууцлан оролцох, албан бичгээр гомдол гаргах, итгэлийн утсанд хандахыг зөвлөж байна. Ташрамд дурдахад, Холбооны гаалийн албаны албан ёсны төлөөлөгч ОХУ-ын Элчин сайдын яаманд итгэмжлэгдэн ажилладаг. Хэрэв эрх мэдлээ хэтрүүлсэн тухай тодорхой баримт байгаа бол түүнд мэдэгдэх, эсвэл шууд над руу бичгээр хандах боломжтой.

- Монгол Улсад одоогоор ОХУ-ын хэчнээн иргэн байгаа вэ?
- Одоогийн байдлаар Монгол Улсад оршин суугаа Оросын иргэдийг хоёр хэсэг хувааж болно. Нэг хэсэг нь байнгын оршин суугчид ( тэднийг “местный оросууд” ч гэдэг) бол нөгөө хэсэг нь тодорхой хугацаагаар тус улсад ирсэн иргэд (бизнесменүүд, оюутнууд, жуулчид г.м). Эхний ангилалд багтах иргэдийн тоо харьцангуй тогтвортой бөгөөд хоёр мянга орчим хүн байдаг. Харин хоёр дахь ангиллын хүмүүс нь жилийн улирал болон бусад хүчин зүйлээс хамаарч хэлбэлздэг. Ялангуяа аялал жуулчлалын оргил үед 10-15 мянгад хүрдэг.


"ОРОС ЦЭРГҮҮД ТӨДИЙГҮЙ УКРАИНЫ ЭНГИЙН ИРГЭДИЙН АМИНД ХАЛГҮЙ, НАРИЙН ТУСГАЛЫН ЗЭВСЭГ АШИГЛАЖ БАЙНА"
 

 

- ОХУ, Украины дайны улмаас дайчилгаа зарласны дараа манай улсад оросууд их ирсэн. Гудамжаар явахад л энэ нь анзаарагдаж байлаа. Тэд одоо энд байгаа эсэх, хэд нь өөр улсууд руу явсан талаарх мэдээлэл бий юу?
- Миний харж байгаагаар хэсэгчилсэн дайчилгаа зарласны дараа сандарч тэвдэн гадаадад, тэр дундаа визгүй зорчих боломжтой Монгол Улс руу яаран гарсан хүмүүсээс өдгөө бараг хэн ч алга. Зарим нь дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд даарахаас илүүтэй жилийн турш шорт, майктайгаа явж болох Тайланд гэх мэт дулаан орнууд руу явсан байх. Харин сэтгэл санаа нь тайвширч, Орост Украинчуудын аргыг хэрэглэж, зохих насны эрчүүдийг гудамжнаас хэн ч барьж авч, цэрэг бүртгэлийн газарт хүчээр аваачихгүй гэдэг нь тодорхой болсны дараа тэдний ихэнх нь нутаг буцсан. Түүнээс гадна миний мэдэхээр манай зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний хэрэгцээг гэрээт цэрэг, сайн дурынхан бүрэн дүүрэн хангаж байгаа.

- Хэдий дайн болж буй ч ОХУ-ын бусад орнуудтай хооронд тогтоосон найрсаг харилцаандаа сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд ямар арга хэмжээ авч байгаа бол?
- Орос улс дэлхийн ихэнх улс орнуудтай олон арван, олон зуун жилийн турш харилцаа холбоогоо хөгжүүлж ирсэн. Энэ хугацаанд Орос улсад заналхийлдэггүй бол тал талынхаа ашиг сонирхол, санаа зовнилыг харгалзан үзэхэд бэлэн бүх улс орнуудтай харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэхэд нээлттэй, колоничлолын зан үйлээс хол байдаг энх тайванч улс гэдгээ нотолж чадсан. Тиймээс бидэнд хэн нэгний, ялангуяа найз нөхдийнхөө тааллыг “худалдаж авах” шаардлага байхгүй. Бид мөн өрсөлдөгчдийнхөө тактикийг ашигладаггүй. Тодруулбал, бид хэний ч гарыг мушгиж, занганд оруулдаггүй, элдэв хориг арга хэмжээнүүдээр бусдыг шийтгэдэггүй. Өнөөгийн шатанд Оросын дипломат албаны өмнө тулгарч буй зорилтуудын нэг нь биднийг сонсоход бэлэн байгаа бүх хүний дэлхийн шинэ дэг журмыг бүрдүүлэхэд Оросын үүрэг оролцоо, зорилго, зорилтын талаар бодитой мэдээллээр хангах явдал юм. Цэргийн тусгай ажиллагаа (ЦТА) эхэлснээс хойш барууныхан манай улсыг тусгаарлахыг эрмэлзсэн ч тэдний хүсэл эсрэгээрээ эргэж, өнгөрсөн хугацаанд Москва харин ч Ази, Африк, Латин Америкийн орнуудтай харилцаа холбоогоо мэдэгдэхүйц бэхжүүлэв. Мөн АНУ болон Европын орнуудад Оросын гэх бүх зүйлсийг “устгах” гэж яардаггүй, улс орнууд болон ард түмэн хоорондын эрх тэгш яриа хэлэлцээг үргэлжлүүлэхийг дэмждэг ухаалаг хүмүүс маш их байдаг.

- Дайнаас улбаатай гарз хохирлын харилцан адилгүй өөр өөр тоо, баримт олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд дурдагдсаар байна. Чухам ОХУ-ын хэдэн цэрэг, иргэд амиа алдаж, ямар хэмжээний хохирол амсаад байна вэ?  
- Манай талын хохирлын тухай албан ёсны мэдээлэл гараагүй байна. Мэдээж Оросын цэргийн албан хаагчдын дунд хохирол байгаа ба бид үүнд их эмзэглэж байгаа.


"УКРАИНЫ ТУСГАЙ АЛБАНЫХНЫ ОРОСЫН НУТАГ ДЭВСГЭРИЙН ГҮНД ЯВУУЛАХ ХОРЛОН СҮЙТГЭХ АЖИЛЛАГАА ЭРЧИМЖИЖ БАЙНА"

 

Олон улсын, бүр тодруулбал барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ЦТА-ны үеэр Оросын зэвсэгт хүчин аймшигт хохирол амсаж байна гэх тоо баримтуудыг дурдаж байгааг та зөв анзаарчээ. Тэдний хэлснээр бол Оросын армид ганц хүн, ганц ч техник үлдээгүй бололтой. Гэтэл Оросын арми тулалдсаар, фронтын бүх шугамаар тасралтгүй урагшилсаар байна шүү дээ. Эдгээр хуурамч мэдээллүүд хэд хэдэн зорилготой. Тухайлбал, Орост үймээн самуун дэгдээж, улс төрийн дотоод нөхцөл байдлыг ганхуулах, түүнчлэн Европын болон АНУ-ын жирийн иргэдэд Москвагийн хүч шавхдаж, тун удахгүй Киев ялалтын сөрөг довтолгоог хийж, хуурай газар дээрх нөхцөл байдлыг орвонгоор эргүүлнэ гэж итгүүлэх. Таны харж буйгаар барууныхны аль ч төлөвлөгөө амжилтад хүрэхгүй байгаа ба ОХУ-д болсон ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн нь Оросын ард түмэн улс орныхоо бодлогын одоогийн чиг хандлагыг урьд өмнө байгаагүйгээр идэвхтэй дэмжиж байна. Харин Барууны орнуудын ард иргэд нь улс төр судлаачдынх нь бодож байсан шиг тийм ч амархан биш юм байна.

Украины цэргийн дарга нараас ялгаатай нь Оросын цэргийн дарга нар нь Дээд ерөнхий командлагч В.В.Путины шууд тушаалын дагуу бие бүрэлдэхүүнээ бүх чадлаараа хамгаалахыг хичээж, “Махан довтолгоо” хийдэггүй ба Оросын цэрэг, офицеруудын төдийгүй Украины энгийн номхон ард иргэдийн амь насыг аврах орчин үеийн нарийн тусгалын зэвсгийн хэрэглээг улам өргөжүүлж байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд ийм зэвсгийн үйлдвэрлэл хэд дахин нэмэгдсэн.

Сүүлийн саруудад цэргийнхний амь нас эрсдэх нь багасаж байгаагийн зэрэгцээ ОХУ-д энгийн иргэд олноор хохирох нь нэмэгджээ. Энэ нь Украины эрх баригчид фронтын шугам дээр хүчгүйдээ уурлаж Оросын хил орчмын бүс нутгийн оршин суугчдад уураа гаргаж байгаагийн илрэл юм. Харамсалтай нь Киев террорист аргуудыг ашиглан манай улсын хилийн ойролцоох сургууль, эмнэлэг, орон сууцны хорооллуудыг галласны улмаас Оросын энгийн иргэд амиа алдаж, бэртэж гэмтсэн тухай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тасралтгүй мэдээлэх болжээ. ОХУ-ын иргэний дэд бүтэц, ард иргэд рүү халдлага үйлдэхдээ Украинд нийлүүлсэн барууны алсын тусгалын зэвсгийг голчлон ашиглаж байна.

Сүүлийн үед Украины тусгай албаныхны Оросын нутаг дэвсгэрийн гүнд явуулах хорлон сүйтгэх ажиллагаа мэдэгдэхүйц эрчимжиж байна. Үүнтэй холбогдуулан ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Н.П.Патрушев, Гадаад хэргийн сайд С.В.Лавров, Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу нарын саяхан Москва хотын ойролцоох «Крокус Сити Холл» төвд болсон цуст террорист халдлагыг бэлтгэх явцад Украины ул мөр байгаа талаарх мэдэгдлийг анхааралтай авч үзэхийг уриалмаар байна. Эдгээр хүмүүс хий хоосон мэдэгдэл хийх хүмүүс биш шүү дээ. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд зохих хамгийн ноцтой дүгнэлтүүдийг хийх болно.

“МОНГОЛЫН ТАЛААС 130 ОРЧИМ ААН ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ИМПОРТЛОХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ”

 

- Монгол Улсад нийлүүлж буй ОХУ-ын эрчим хүч, шатахууны хангамж, үнэд ямар нэгэн өөрчлөлт орох уу?
- Өнгөрсөн онд ОХУ-аас Монгол Улсад нийлүүлсэн цахилгаан эрчим хүчний хэмжээ 38 хувиар нэмэгдэж, 0.9 тэрбум кВт.цаг буюу 58 сая ам.доллар болсон байна. Дундаж үнэ нь 1 кВт/цаг тутамд 0.06 доллар байсан. Миний ойлгож буйгаар нийлүүлэлтийг нэмэгдүүлье ч гэсэн Монгол Улсын суурилагдсан цахилгаан дамжуулах шугам сүлжээний хүчин чадлын хязгаарлагдмал боломж, мөн Монгол Улстай хил залгаа Оросын бүс нутгуудад цахилгаан эрчим хүчний хэрэглээ нэмэгдсэнээс болж асуудалтай байгаа. Тэгэхээр цахилгаан эрчим хүчний салбар дахь хоёр талын хамтын ажиллагааг цахилгаан эрчим хүч нийлүүлэхээс Монгол Улсад нүүрсний болон цөмийн цахилгаан станц хамтран барих чиглэлд хөгжүүлэх шаардлагатай.

Ташрамд дурдахад, Монголын ихэнх интернэт хэрэглэгчдийн боддог шиг Орос нь эрчим хүчний нийлүүлэлтээрээ тэргүүлэгч биш юм. Монголын хамгийн том нийлүүлэгч нь Хятад ба өнгөрсөн онд 131 сая ам.долларын үнэтэй 1.521 тэрбум кВт.ц (өмнөх онтой харьцуулахад 4.6 хувиар өссөн) эрчим хүч нийлүүлсэн байна.

Оросоос Монголд нийлүүлж буй нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт ч 25.4 хувиар өсөж 2.164 сая тонн болсон бол үнийн дүнгийн өсөлт нь 6.8 хувь буюу 1.69 тэрбум ам.доллар болсон байна.

Манай талаас гол ханган нийлүүлэгч нь “Роснефть” компани бөгөөд Монгол руу экспортолж буй Оросын нефтийн бүтээгдэхүүний гуравны хоёроос илүү нь тус компанид ногддог юм. Монголын талаас 130 орчим аж ахуйн нэгж газрын тосны бүтээгдэхүүн импортлох зөвшөөрөлтэй. Тэдний зарим нь Роснефть болон Оросын бусад ханган нийлүүлэгчидтэй урт хугацааны хөнгөлөлттэй гэрээний үндсэн дээр ажилладаг. Гэтэл зарим импортлогчид тийм гэрээ байгуулаагүй. Мэдээллийн нэгдсэн төв байхгүй учир ямар компани хэдий хэмжээний дизель түлш, бензин шатахууныг гэрээний үндсэн дээр ОХУ-аас худалдан авахаар захиалсан тухай Монголд хэнд ч тодорхой мэдээлэл байхгүй нь харамсалтай. Тиймээс монголчууд үе үе “шатахууны хомсдол үүслээ” хэмээн сандардаг юм болов уу даа. Гэтэл манай талаас Монголын компаниудад нефтийн бүтээгдэхүүн худалдахад ямар ч асуудал гардаггүй, гарах боломж ч байхгүй. Оросын зарим нэгэн газрын тосны үйлдвэрүүд хуваарийн дагуу урьдчилан сэргийлэх зорилгоор засвар үйлчилгээ хийхээр түр зогссон ч талууд энэ тухай урьдчилан мэдэж байдаг.

 

Аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд, мөн логистикийн асуудлаа үр ашигтай шийдэхийн тулд Монголын түншүүддээ нэгдэж, цөөн тооны цистернээр бус, нэг үйлдвэрээс нэг галт тэргээр шатахуун худалдаж авахыг зөвлөмөөр байна. Түүнчлэн нефтийн бүтээгдэхүүний хангалттай нөөц бүрдүүлэхийн тулд газрын тосны агуулах барих шаардлагатай байна. Мөн мэдээж хэрэг, захиалга болон төлбөрөө цаг тухайд нь хийх хэрэгтэй.

“Роснефть”-ээс гадна ОХУ-ын тав орчим компани Монголд нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэхэд бэлэн байна. Монгол Улсын Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн дагуу Монгол Улсад нийлүүлж буй газрын тосны бүтээгдэхүүний 30-аас доош хувийг нийлүүлж буй гадаадын компани нь өөрийн хуулийн этгээдээр дамжуулан энд шатахуун борлуулахыг хориглодоггүй тул Монголын нефтийн бүтээгдэхүүний зах зээлийг урьдчилан таамаглах боломжтой болгох үүднээс эдгээр компаниудын нэг, жишээлбэл, “Газпром нефть” шиг нэр хүндтэй том компани нь Монголд, магадгүй ОХУ-ын хилээс Улаанбаатар хот орох автозам дээр өөрийн шатахуун түгээх станцуудыг барьж болох юм. Ташрамд дурдахад, иймэрхүү ШТС нь жуулчны үйлчилгээний түвшнийг эрс нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах боломжтой. Учир нь “Газпром нефть”-ийн ШТС-ууд нь зөвхөн шатахуун түгээгээд зогсохгүй, тэдний дэргэд мини-маркет дэлгүүр, кафе, мөн, уучлаарай, боловсон жорлон бүхий амралт, үйлчилгээний газар байдаг. Одоогоор би Монголд ийм орчин үеийн ШТС олж хараагүй. Гэхдээ энэ зөвхөн миний бодол бөгөөд би “Газпром нефть” болон Оросын бусад компанийн санал бодлыг хараахан асуугаагүй байгаа.

- Зарим ЭСЯ-ны зүгээс Монгол Улсын Парламентын сонгуулийн үеэр ажиглагчаар оролцдог. Та бүхэн энэ талаар ямар нэг зүйл төлөвлөж байна уу? Ер нь Монгол Улсын улс төрийн орчин, өөрчлөлтөд ямар байр суурьтай байдаг талаар сонирхмоор байна.  
- Манай Элчин сайдын яамны дипломат ажилтнууд Монгол Улсад болж буй сонгуулийн ажиллагаанд нэг бус удаа ажиглагчийн байр сууринаас оролцож байсан. Энэ жил ч гэсэн бидэнд урилга ирвэл бид ЭСЯ-ныхаа ажиглагчдыг цуглуулна. Мөн албан ёсны урилга ирвэл ОХУ-ын Сонгуулийн төв хороо болон манай улсын нийгэм-улс төрийн хүрээнийхэн төлөөлөгчдөө илгээх болно.

Монголд өрнөж буй улс төрийн үйл явдлуудын тухайд, Монголын улс төрийн амьдрал үргэлж буцалж байдаг ба үйл явдлын өрнөлийг урьдчилан тааварлах боломжгүй болгодог маш олон хүчин зүйлс байдаг гэж би боддог. Гадаад улсын дипломатч хүнийхээ хувьд би үүнээс илүү дэлгэрэнгүй тайлбар өгөх нь зохимжгүй. Орост бол ийнхүү дэлгэрэнгүй тайлбарыг тус улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож байна гэж үздэг бөгөөд ингэх нь маш бүдүүлэг хэрэг юм. Товчхондоо бол Монгол Улсын улс төрийн орчинд эерэг өөрчлөлт гарч байгаа гэж бодож байгаа ба төр засгийн удирдлагын түвшинд хийгдэж буй монголчуудын бүтээлч үйлс нь амжилтад хүрнэ гэдэгт итгэж байна.

 

“ОРОСЫН БОЛОВСРОЛЫГ ИХ СОНИРХОЖ БАЙГААГ БИД ХАРГАЛЗАН, ХАМТАРСАН СУРГУУЛЬ ДАХИН БАЙГУУЛАХЫГ САНАЛ БОЛГОСОН”

Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Орос, Монголын хамтарсан 162-р сургууль

- СХД-т байрлах Орос-Монголын шинээр хамтарсан 162-р сургуулийг байгуулсан. Хүүхдүүдэд хэддүгээр ангиас нь орос хэл заах вэ?  Та бүхэн орон нутагт орос сургууль байгуулах уу?  
- Миний ажигласнаар гадаадын бусад түншүүд олон төрлийн санал тавьсаар байхад Монголд Оросын ерөнхий дунд боловсрол маш их эрэлт хэрэгцээтэй хэвээр байна. Улаанбаатар дахь Орос-Монголын хамтарсан сургууль болон Г.В.Плехановын нэрэмжит Оросын Эдийн засгийн их сургуулийн Улаанбаатар хот дахь салбар сургуулийн дэргэдэх лицейд элсэхийн төлөөх өрсөлдөөн байнга өндөр байгаа нь үүнийг баталдаг.

Оросын боловсролыг ингэж их сонирхож байгааг бид харгалзан, дахиад нэг хамтарсан сургууль байгуулахыг санал болгосон. Бидний санаачилгыг өдгөө Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар дэмжсэн.

Орос-Монголын хамтарсан 162-р сургууль нь Оросын боловсролын стандартын дагуу үнэ төлбөргүй боловсрол эзэмших боломжийг олгох нийгэмд чиглэсэн төсөл юм. 2023 оны есдүгээр сараас хойш тус сургуулийн 1-р ангид 127 хүүхэд элсэн орсон. Уг сургуульд ОХУ-ын Боловсролын яамнаас “Орос багш нар хилийн чанадад” төслийн хүрээнд илгээсэн орос багш нар ажиллаж байгаа. Түүнчлэн манай Засгийн газар сурагчдыг сурах бичиг, гарын авлага зэргээр хангаж байна. Монгол хэл, монгол уран зохиол, түүхээс бусад бүх хичээл орос хэл дээр явагддаг. 2035 он гэхэд манай 11 жилийн сургалтын хөтөлбөрт бүрэн шилжиж, өнөөдрийн нэгдүгээр ангийн сурагчид орос дунд боловсрол эзэмшсэн тухай гэрчилгээтэй болно.

Цаашид Орос-Монголын хамтарсан 162-р сургууль бас нэгэн үлгэр жишээч боловсролын байгууллага болж, түүний жишгээр ОХУ-тай хил залгаа аймгуудад орос хэлээр хичээл заадаг сургуулиудыг бий болгох ажлыг удахгүй эхлүүлнэ гэж найдаж байна. Үүний тулд бид хамтарсан сургуулиудын үйл ажиллагааны үндсэн механизмыг зохицуулсан манай хоёр орны Засгийн газар хоорондын суурь хэлэлцээрийг байгуулах ёстой.

Энэ онд тохиож буй олон ойн нэг нь УБТЗ ХНН үүсгэн байгуулагдсан 75 жил билээ. Та бүхэн энэ нийгэмлэгт хөрөнгө оруулахаар төлөвлөж байна уу?
- “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг нь олон арван жилийн турш Орос-Монголын хамтын ажиллагааны тэргүүлэгч хэвээр байсаар ирсэн. “Эрдэнэт”, “Монголросцветмет” хамтарсан үйлдвэрүүдийн Оросын талын хувийг худалдсаны дараа УБТЗ нь манай стратегийн шинж чанартай цорын ганц хамтарсан үйлдвэр болж үлдсэн. УБТЗ нь 1949 оны зургаадугаар сарын 6-нд засгийн газар хоорондын хэлэлцээрийн үндсэн дээр хоёр талын тэгш эрхтэйгээр, дүрмийн сан нь 50:50 харьцаатайгаар байгуулагдсан.

Ташрамд хэлэхэд УБТЗ нь урт хугацаанд бүрэн хүчин чадлаараа ажиллаж буй улс хоорондын аж ахуйн нэгж учир Гиннесийн амжилтын номд орох эрхтэй. Энэ онд тохиох буй УБТЗ-ын 75 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээ нь Орос-Монголын стратегийн түншлэлийн хүрээнд энэхүү аж ахуйн нэгжийн нийгэм, эдийн засаг, улс төрийн ач холбогдлыг илүү бүрэн дүүрэн харуулах боломжийг олгоно гэж найдаж байна.

"УБТЗ-ЫН ТЭЭВРИЙН УРСГАЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХИЙН ТУЛД ХОЁР ТАЛ ИЖИЛ ХЭМЖЭЭНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАХ ШААРДЛАГАТАЙ"

 

УБТЗ бол хамгийн их буюу 16 мянга гаруй ажилтантай Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэгч байгууллага юм. Өнгөрсөн онд энэ замаар 32.4 сая тонн (2022 онтой харьцуулахад 16.7 хувиар их) ачаа тээвэрлэж, дээд амжилтыг тогтоожээ. УБТЗ нь Монгол Улсын бүх төрлийн ачаа тээвэрлэлтийн гуравны нэгийг үйлдсэн гэсэн үг.

Гэвч өнөөдөр Орос-Монгол-Хятадын төмөр замын төв коридорын “ноён нуруу” болсон хамтарсан үйлдвэр маань хүчин чадлынхаа туйлд хүрсэн байна. Тээврийн урсгал, тэр дундаа транзит урсгалыг нэмэгдүүлэхийн тулд хоёр тал ижил хэмжээний хөрөнгө оруулах шаардлагатай болоод байна. Энэхүү хөрөнгө оруулалтыг олж авах нь олон зүйлээс хамаарах боловч хамгийн гол нь аж ахуйн нэгжийн эдийн засгийн ашигт ажиллагаа юм. Харамсалтай, одоохондоо УБТЗ арай гэж ашигтай ажиллаж байна.

Тухайлбал, УБТЗ-ын ачаа тээвэрлэлтийн цэвэр ашиг өнгөрсөн онд 40 гаруй тэрбум төгрөг байсан ч тэр бүгдийг нь 40 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан зорчигч тээвэрлэлт “идчихсэн”. Миний бодлоор, зорчигч тээвэрлэлтийн алдагдлыг компани бус төр засгаас нөхөх ёстой. Бусад улс орнуудад ингэдэг шүү дээ. Зорчигч тээврийн алдагдлыг нөхөхөд зарцуулж буй хөрөнгийг УБТЗ-ын зорчигч тээврийн цогцолборыг шинэчлэхэд зарцуулах нь зүйтэй.

Өөр нэг асуудал бол нийгэм, улс төрийн нөхцөл байдлаас үл хамааран тээврийн тарифыг бүрэн, цаг тухайд нь индексжүүлэх явдал юм. УБТЗ-ын хувьд алдагдалтай нүүрс, төмрийн хүдэр, зэсийн баяжмал, газрын тос, түлш, хүнс, химийн бордооны тээвэрлэлт индексжүүлээгүй хэвээр байна.

Одоогийн байдлаар манай хоёр орны зам тээврийн газрууд УБТЗ-ын техникийн шинэчлэлийн хөтөлбөрийг орчин үеийн болгохоор ажиллаж байна. Монгол Улсын төмөр замын тээврийн системд УБТЗ-ын эзлэх ирээдүйн байр суурь, гүйцэтгэх үүргийн талаар ойлголт өгөх “Монгол Улсын төмөр замыг хөгжүүлэх Замын зураглал”-ын төслийг хамтран боловсруулахаар тохиролцсон.

Орос-Монгол-Хятадын эдийн засгийн коридорын хүрээнд Төмөр замын төв коридорын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, Орос-Монголын болон Монгол-Хятадын хил дээрх төмөр замын шалган нэвтрүүлэх боомтуудыг харилцан уялдаатайгаар хөгжүүлэх асуудлуудыг Хятадын оролцоотойгоор гурван талын хүрээнд хэлэлцэж байна. Тун удахгүй төмөр замын урт хугацааны хөгжлийн тодорхой үзүүлэлтүүд тодорхойлогдож, үүнд шаардагдах хөрөнгө оруулалтын үндэслэлтэй үнэлгээ гарч, хамтын хүчээр УБТЗ-ын шинэчлэлийн хөрөнгө оруулалтын хэмжээ болон эх үүсвэрийг тодорхойлж чадна гэж найдаж байна.

- Ярилцсанд баярлалаа.