ХАЛХ ГОЛЫН ТУЛАЛДААНЫ ЯЛАЛТЫН 85 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ЦУВРАЛ АРГА ХЭМЖЭЭ БОЛЖ БАЙНА
ХАЛХ ГОЛЫН ТУЛАЛДААНЫ ЯЛАЛТЫН 85 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ЦУВРАЛ АРГА ХЭМЖЭЭ БОЛЖ БАЙНА
БНБуриад Улсын Улаан-Үд хотноо Халх голын тулалдааны ялалтын 85 жилийн ойд зориулсан цуврал арга хэмжээ болж байна.
Долдугаар сарын 2-5-ны өдрүүдэд
“Халхын голын дайн: Домогт тулалдааны 85 жилийн ойд” Олон улсын эрдэм шинжилгээний хуралд Орос, Монголын судлаачид оролцож байна.
Энэ нь түүхэн ой санамжийг хадгалах, хамгаалах, Халхын голд болсон үйл явдлыг судлах хоёр улсын шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж буй арга хэмжээний нэг юм.
Долдугаар сарын 02-ны өдөр
Монгол Улсаас ОХУ-ын БНБуриад Улсын Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консулын газар, Буриадын Түүхийн музейтэй хамтран “Халх гол. Нөхөрлөлийн жимээр” фотозургийн үзэсгэлэнгийн нээлт хийв. Үзэсгэлэн нэг сар ажиллана.
Мөн өдрийн орой Улаан-Үдийн “Буряад” театр 92 дахь улирлын хаалтын тоглолтоо “Халх гол. Тангараг” хэмээх шинэ жүжгээрээ хийлээ. Жүжигт өдгөө амьд сэрүүн байгаа Монгол Улсын иргэн, ахмад дайчин эмэгтэй Чимэдцэрэн гуайн тухай өгүүлдэг аж.
Долдугаар сарын 03-ны өдөр
Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газрын байранд ОХУ-ын Гадаад хэргийн яам, ОХУ-ын Хүмүүнлэгийн их сургууль, ОХУ-ын ШУА-ийн Оросын түүхийн хүрээлэнгийн төлөөлөгчид оролцсон нэгдсэн хуралдаан болов. ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэн, Москвагийн Хүмүүнлэгийн их сургууль, Алс Дорнодын ард түмний түүх, археологи, угсаатны зүйн хүрээлэн, Оросын ШУА-ийн Алс Дорнод дахь салбар, Монголын ШУА, Буриад, Эрхүү муж, Өвөрбайгалийн бүс нутгийн боловсролын байгууллагууд уг хуралдаанд оролцсон аж. Монгол Улсаас ШУА-ийн Дэд ерөнхийлөгч, Түүх угсаатны судлалын хүрээлэнгийн захирал Ц.Цэрэндорж тэргүүтэй түүхчид оролцсон байна.
Мөн өдөр Буриадын Улсын архиваас Халх голд болсон үйл явдлаар сэдэвлэн ялалтын 85 жилийн ойд зориулсан үзэсгэлэн гаргав.
Сануулахад:
2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Улаан-Үд хотноо Халх голын ялалтын 85 жилийн ойд зориулан 1000 оюутан залуусын хүндэтгэлийн марш болсон билээ.