images

ОХУ-аас Монгол Улсад үр тарианы хэлбэрээр хүмүүнлэгийн тусламжийн актад гурван тал гарын үсэг зурлаа

ЕКГ-ын үйл ажиллагаа - зурагт альбом

2024-05-17

20

ОХУ-аас Монгол Улсад үр тарианы хэлбэрээр хүмүүнлэгийн тусламжийн актад гурван тал гарын үсэг зурлаа

 

ОХУ-ын “Asia-Russian.ru” мэдээллийн агентлаг

/2024 оны 5 сарын 14-ний өдрийн нийтлэл/

Гарчиг: ОХУ-аас Монгол Улсад үр тарианы хэлбэрээр хүмүүнлэгийн тусламж үзүүллээ/ Россия передала Монголии гуманитарную помощь в виде зерна

Эх сурвалж: asiarussian.ru

Агуулга: Өнөөдөр Улаан-Үд хотноо ОХУ-ын Засгийн газраас өвөлжилт хүндэрсэн Монгол Улсын малчдад үзүүлж буй хүмүүнлэгийн тусламжийг хүлээн авч, шилжүүлэх актад гарын үсэг зурах ёслолын ажиллагаа боллоо. /2024.05.14/

“ОХУ-ын хүмүүнлэгийн тусламжийн бүрдэл  нь Буриадын Баргузин, Бичүүр, Заиграев, Кабань, Хурумхан, Хиагт, Мухаршивир, Тарвагатай дүүргийн нутаг дэвсгэрт тариалсан үр тарианы 27 фермийн ажлын үр дүн юм. Хамгийн олон тонн үр тариаг Мухаршивирийн "Колхоз Искра", "Уула", Григорий Калашниковын фермүүд ачуулжээ. 8.5 мянган тонн хүмүүнлэгийн тусламжийг 281 автомашинаар тээвэрлэсэн байна. Хүмүүнлэгийн тусламжийг зохион байгуулахад оролцсон бүх хүмүүст, юуны өмнө тариаланчид, хөдөөгийн хөдөлмөрчдөд талархал илэрхийлье. Бид хамтдаа ямар ч ажлыг даван туулж чадна, хөршүүддээ туслах нь Халхын голын тулалдаан, эх орны дайны үед Монголын ард түмэн ЗХУ-д үзүүлсэн тусламжаар батлагдаж ирсэн Орос, Монгол хоёр улсын  найрамдалт харилцааг бэхжүүлэх чухал асуудал юм.” гэж Буриадын Тэргүүн Алексей Цыденов хэлсэн үгэндээ онцлон хэлэв.

8.3 мянган тонн үр тарианы хүмүүнлэгийн ачааг хүлээн авах, шилжүүлэх гурван талт актад ОХУ-ын Онцгой байдлын яамны Буриад Улсыг хариуцсан Ерөнхий газрын дарга, Дотоодын албаны хошууч генерал Александр Марков, “Содействие” АНО-ын Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч хатагтай Ольга Грудинина, Монгол Улсын ОБЕГ-ын Дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр нар гарын үсэг зурав.

Буриадад хүрэлцэн ирсэн Монголын төлөөлөгчид, цаг уурын хүндрэлтэй байдлын улмаас малынхаа 50 гаруй хувийг алдсан 32 мянга гаруй малчдад 8,5 мянган тонн үр тариаг хуримтлуулан тээвэрлэх ажилд гар бие оролцсон бүх хүмүүст халуун талархал илэрхийлэв. ОХУ-аас ирсэн хүмүүнлэгийн тусламж нь цаг үеэ олсон арга хэмжээ болсон. Гамшигт нэрвэгдсэн аймгуудад үлдсэн малууд уураг ихтэй баяжуулсан тэжээлээр хүчээ авч сэргэж байна гэдгийг онцлон дурдав.

“Бүгд Найрамдах Улсын фермүүд богино хугацаанд үр тарианы их хэмжээний багцыг бүрдүүлж чадсан. Буриадын Хөдөө аж ахуй, хүнсний яам, Тээврийн яам болон бусад газруудын ажилчид зохион байгуулалтын олон ажил хийж, нэг том баг болон хөрш Монголдоо тусалсан. Илгээсэн бүх үр тариа, ургамлын эрүүл ахуйн бүхий л шинжилгээ, үзлэгт хамрагдсан гэдгийг тэмдэглэн хэлье. Хүмүүнлэгийн тусламжийг гаалийн хяналтад хялбаршуулсан журмаар, татвар хураамж авалгүйгээр зохион байгуулсан” гэж Буриад Улсын Хөдөө аж ахуй, хүнсний сайд Галсан Дареев хэллээ.

 

Бүгд Найрамдах Улсын 27 аж ахуйн нэгж ах дүү Монгол Улсад дэмжлэг үзүүлжээ. Хамгийн их үр тариа тээвэрлэсэн фермүүдийг Буриадын Тэргүүн биечлэн шагнасан бөгөөд тэдний тоонд "Искра" ХАА-н нэгдэл, "Уула" хөдөө аж ахуйн үйлдвэр, Мухаршивир дүүргийн Г.М. Калашниковын ферм ажээ. Эдгээр ферм тус бүр 1000 тонн үр тариа нийлүүлсэн ажээ.  Буриад Улс өнгөрсөн жил сүүлийн 23 жилийн дунджаас давсан 140,6 мянган тонн үр тариа хурааж авсан нь энэхүү хүмүүнлэгийн тусламжийг үзүүлэх боломж бүрдүүлсэн байна.Үр тариа худалдан авах, тээврийн зардал нь нийтдээ 128 сая рубль болж бүгдийг Буриад Улсын төсвөөс санхүүжүүлсэн байна.

“Манай Засгийн газар монгол нөхдөдөө тусламж үзүүлэхийг хүссэн. Дүүргүүд биднийг чадах бүхнээрээ дэмжсэн. Бидэнд ахан дүүс Монголын ард түмэнтэй хуваалцах зүйл бий, ялангуяа тариалалт эхлэхээс өмнө төрийн дэмжлэгтэйгээр өсөх боломж байгаа. Хөрш зэргэлдээ элэг нэгт Монгол Улсад цагаан зудын хор уршгийг арилгахад Буриадын үр тариа ихээхэн үүрэг гүйцэтгэнэ гэдэгт Буриадын ард түмэн чин сэтгэлээсээ найдаж байна” хэмээн Буриадын тариаланчид сэтгэгдлээ хуваалцжээ.