images

“Алтаргана–2024”-д өрсөлдөх гоо бүсгүйг шалгаруулна

Ерөнхий Консулын Газрын мэдээ

2024-03-05

22

“Алтаргана–2024”-д өрсөлдөх гоо бүсгүйг шалгаруулна

Өвөр Байгалийн хязгаар нутагт Агийн Буриадууд “Алтаргана-2024”-ийн гоо бүсгүйчүүдийн номинацид өрсөлдөх хот, дүүргийн шатны “Дангина” бүсгүйг 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр шалгаруулах аж.

Гоо бүсгүй нь 16-22 насны, буриад хэл, ёс, зан заншлын мэдлэгтэй, дуу бүжгийн ур чадвартай, гадаад үзэсгэлэн, сэтгэл татам байдлаараа өрсөлдөх аж.

 

Эх сурвалж: https://www.baikal-daily.ru/

Тодруулга: Дэлхийн буриадуудын уламжлалт Олон улсын “Алтаргана-2024” наадам 2024 оны 7 дугаар сарын 26-28-ний өдрүүдэд Монгол Улсын Булган аймагт зохион байгуулагдана. “Алтаргана” наадам нь буриадын соёл, буриад үндэсний спортыг сурталчлах зорилготой. Хоёр жилд нэг удаа буриадууд амьдардаг бүс нутагт зохион байгуулагддаг. Наадам зохион байгуулагчдын мэдэгдэж байгаагаар энэ удаагийн наадамд Дэлхийн буриадуудын төлөөлөл 50 мянга орчим хүн оролцоно гэсэн урьдчилсан тооцоо гарсан байна.

Буриадаас тус наадамд Алексей Цыденов тэргүүтэй Бүгд Найрамдах Улсын хууль тогтоох, гүйцэтгэх засаглал, соёл урлаг, спортын төлөөлөгчид, бүс нутгийн оршин суугчид оролцохоор бэлтгэлээ базааж байна. “Оролцогчдын бэлтгэлийг хангах үеэр төлөөлөгчдийн үндэсний хувцсыг бүх дүрэм журам ёс жаягийнх нь дагуу оёход анхаарлаа хандуулахыг зохион байгуулах хорооноос хүсч байна. Өмсгөл, костюм нь харьяалагдаж байгаа овог, аймгаасаа шалтгаалаад өөр өөр байдаг, зарим нь нүдэнд ил харагдахгүй ч тухайн овгийн төлөөлөгчдийн хувьд маш  чухал зүйл юм. Энэ нарийн чухал зүйлийг бүү алдаарай” гэдгийг Буриадын Тэргүүн онцлон тэмдэглэсэн байна.

Уг наадамд Эрхүү мужийн соёлын төлөөлөгчид нийт 15 төрлөөр уран бүтээлийн уралдаанд оролцоно гэдгээ 1-р сард мэдэгдсэн.

“Алтаргана-2024” наадмын үеэр өрсөлдөх 15 номинаци:

- “Буриадын нэг өдөр” ардын аман зохиолын уралдаан;

- Буриад ардын дууны уралдаан;

- Буриад эстрадын дууны уралдаан;

- Үлгэр домог, туульс хайлах уралдаан;

- "Дангина" гоо бүсгүйн тэмцээн;

- “Гоёл чимэглэлийн болон хэрэглээний урлаг, ардын урлаг, гар урлал” уралдаан-үзэсгэлэн;

- “Буриад хувцас: уламжлал ба орчин үе” загвар зохион бүтээгчдийн бүтээлийн уралдаан;

- Буриад яруу найргийн уралдаан;

- эссэ бичлэгийн уралдаан;

- баримтат болон уран сайхны киноны уралдаан;

- уран сайхны гэрэл зургийн уралдаан-гэрэл зургийн үзэсгэлэн;

- “Алтан цаг” сэтгүүлзүйн бүтээлийн уралдаан;

- номын уралдаан;

- “Нангин бууса” буриадуудын амьдрал, аж ахуйн шилдэг туршлагын танилцуулга” уралдаан;

- Морин уралдаан “Мүүрэн эрдэни”.