Алексей Оверчукийн Монгол Улсад хийсэн ажлын айлчлалын тухай
Алексей Оверчукийн Монгол Улсад хийсэн ажлын айлчлалын тухай
2024 оны 2 дугаар сарын 06-ний өдөр Алексей Оверчук тэргүүтэй ОХУ-ын төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын үеэр ОХУ-ын Шадар сайдыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нар хүлээн авч уулзав.
Хэлэлцээний гол сэдэв нь худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх хэтийн төлөв байв. Талууд хоёр талын харилцаа өндөр түвшинд байгааг онцлоод, худалдаа, эдийн засаг, тээвэр, логистик, эрчим хүчний салбарт Орос-Монголын хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломж байгааг тэмдэглэв.
ОХУ гишүүнээр нь элссэн Евразийн эдийн засгийн холбооны зохицуулалтын тогтолцоог харгалзан үйл ажиллагааг хялбарчлах, худалдааг идэвхтэй дэмжих механизмыг бий болгох замаар харилцан худалдааны хэмжээг нэмэгдүүлэх боломжид онцгой анхаарал хандуулав. Мөн Монгол Улсын төмөр замыг цаашид хөгжүүлэх, эрчим хүчний дэд бүтцийг шинэчлэх, түүнчлэн аж үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэхэд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх боломжийг авч үзсэн байна.
Айлчлалын үеэр Алексей Оверчук, Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Чимэдийн Хүрэлбаатартай хэлэлцээ хийж, талууд хоёр талын хамтын ажиллагааны төслүүдийн хэрэгжилтийн явцтай танилцаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны харилцааг хадгалах, харилцааны бий болсон динамикийг хөгжүүлэх тал дээр талууд тууштай байгаагаа баталлаа. Монголын тал Орос-Монголын худалдаа, эдийн засгийн харилцаа эрчимжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Оросын талаас Засгийн газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтаж буй Байгалийн нөөц, экологийн сайд Александр Козловоор ахлуулж буй Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Орос-Монголын Засгийн газар хоорондын комисс энэ ажилд эерэг үүрэг гүйцэтгэж байгааг тэмдэглэв.
Шадар сайд айлчлалаа үргэлжлүүлэхдээ Г.В.Плехановын нэрэмжит ОХУ-ын Эдийн засгийн их сургуулийн Улаанбаатар дахь салбартай танилцлаа. Г.В.Плехановын нэрэмжит ОХУ-ын эдийн засгийн их сургуулийн Улаанбаатарын салбар 1999 оны есдүгээр сарын 1-нд ОХУ-ын Боловсролын яам, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам хооронд байгуулсан Санамж бичгийн үндсэн дээр Монгол Улсад нээгдсэн. ОХУ-ын боловсролын цогцолбор нь дээд боловсролын хөтөлбөр, ерөнхий боловсролын хөтөлбөр, хүүхэд, насанд хүрэгчдэд зориулсан нэмэлт боловсролын үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Салбарын сургалт нь Оросын боловсролын стандартын дагуу орос хэл дээр явагддаг. Нийт 1.5 мянга гаруй оюутан суралцдаг ажээ.
Алексей Оверчук Орос, Монголын хүмүүнлэгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор хоёрдугаар сарын 7-нд Орос-Монголын 162 дугаар дунд сургуульд бага ангийн сурагчдад зориулсан 2.4 мянга гаруй сурах бичиг, дасгалын дэвтрийг шилжүүлэн өгөхөөр болсныг тэмдэглэв. Өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн тус сургууль Оросын боловсролын стандартын дагуу ажиллаж эхэлсэн. Эх сурв.: government.ru