images

Төв аймгийн Засаг дарга Буриад Улсад айлчлав

Ерөнхий Консулын Газрын мэдээ

2024-01-17

40

Төв аймгийн Засаг дарга Буриад Улсад айлчлав

 

БНБуриад Улсын Тэргүүн, Засгийн газрын газрын дарга А.С.Цыденовын урилгаар Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар тэргүүтэй тус аймгийн газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд БНБуриад Улсад 2024 оны 01 дүгээр сарын 14-16-ны хооронд ажлын айлчлал хийв.

БНБуриад Улсын Засгийн газрын ордонд болсон уулзалтын үеэр БНБуриад Улсын Тэргүүн, Засгийн газрын дарга А.С.Цыденов:

“Буриадын тал үр тариа, төмс, хүнсний ногооны үр нийлүүлэх, гахайн аж ахуйн цогцолбор байгуулах, сайн үүлдрийн мал, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн бүтээгдхүүн нийлүүлэх бүрэн боломжтой. Манай Металл бүтээцийн үйлдвэртэй танилцвал зүгээр болов уу. Энэ үйлдвэрийн бүтээгдхүүнээр гүүрэн байгууламж, нефть, уул уурхайн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж үйлдвэрлэж байна. Мөн хийн хоолой, усны шугам барихад ч хэрэглэдэг.

Монгол Улсаас гаалийн татваргүйгээр шулсан мах, махан бүтээгдхүүн оруулах нь чухал байна. Боловсролын салбарт бид хамтын ажиллагааг амжилттай хөгжүүлж байна. Сүүлийн 2 жилд л гэхэд Монголын оюутнууд Буриадын их, дээд болон тусгай мэргэжлийн сургуульд орос хэл сурах хөтөлбөрөөр суралцахад үнэ төлбөргүй, дотуур байрны зардлыг ч манай тал хариуцан ажиллаж байна. Орос хэлний багш бэлтгэхэд сургалтын бүхий л зардлыг манай тал хариуцаж байгаа. Төв аймгийн оюутан залуусыг эдгээр хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.

Манай Цөмийн оношилгооны төв нь оношлох талаараа БНСолонгос Улсын ижил төстэй төвөөс дутахгүй технологийн хүчин чадал бүрдүүлсэн. Өмнөд Солонгос явж хэд дахин үнийн дүн бүхий төлбөр төлж байснаас манай энэхүү оношилгооны төвд хандахад гарч байсан зардал дор хаяж 5-10 дахин хямдрах юм” хэмээн байр сууриа илэрхийлэв.

Уг уулзалт дээр Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатарын хэлсэн үгийг тоймолбол,

“Төв аймаг нь 74 мян.км2 нутаг дэвсгэртэй, 95 мянган хүн амтай, 27 сумтай. ХАА нь манай аймгийн үндсэн салбар. Газар тариалангийн 300 мян.га эргэлтийн талбайтай, 5 сая малтай. Аялал жуулчлал манай хоёр дахь ач холбогдол бүхий салбар. ДНБ 1 их наяд төгрөгт хүрч, эдийн засаг жил бүр 8-10 хувиар өсч байгаа нь удахгүй ДНБ-ийг 2 их наядад хүргэх боломжтойг харуулж байгаа. Монгол Улсын “Алсын хараа – 2050” урт хугацааны бодлогын хүрээнд ойрын 10 жилд хэрэгжүүлэх “Шинэ сэргэлтийн бодлого”, түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Хүнсний аюулгүй байдлын бодлого зэрэг баримт бичгүүд манай хөгжлийн хөтөлбөрүүдийн үндэс болж байна.

Төв аймагт бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж байна. Улаанбаатар хотын дагуул шинэ 2 хот Төв аймгийн нутаг дэвсгэрт баригдана. Хөшигтийн хөндий дэх ОУ-н Нисэх онгоцны буудлыг түшиглэсэн 140 мянган хүн амтай Шинэ Зуунмод хот босно. Бид дэд бүтцийн хөгжилд их анхаарч байгаа. 27 сумынхаа 17-г нь автозамтай холбосон.

Төв аймаг нь төмсний үйлдвэрлэлээр нийт улсын хэрэгцээний 60 хувь, эрчимжсэн аж ахуйн хөгжлийн үр дүнд улсын тэжээлийн 50 хувийг дангаараа үйлдвэрлэдэг, нийслэл Улаанбаатар хотын хүнсний 40-50 хувийг нийлүүлж байна.

Бид уламжлалт харилцаатай Еравнины дүүрэгтэй цаашид улам гүнзгий хамтран ажиллах саналтай байна.

Цаашид эрчимжсэн аж ахуйг улам хөгжүүлэх, үүний тулд шинэ сортын үрийг нутагшуулах, тэжээл үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зэрэг бодлого баримталж байна. Энэ чиглэлд Буриадын талтай хамтын ажиллагаа явуулах саналтай байна. Түүнчлэн эрүүл мэнд, соёл, боловсрол, хөдөө аж ахуйн бусад салбарт хамтран ажиллах, оюутан сурагчдын солилцоо, эрүүл мэндийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд идэвхтэй хамтран ажиллая” гээд айлын тал элэгсэг дотно хүлээн авч, уулзалт амжилттай болж байгаад талархал илэрхийлсэн юм.

Уг уулзалтад Монгол Улсаас ОХУ-ын БНБуриад Улсын Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консул Д.Нямцэрэн байлцав.