images

Монгол Улсын Эрчим хүчний яамныхан БНБуриад Улсын Улаан-Үд хотноо ажиллав

ЕКГ-ын үйл ажиллагаа - зурагт альбом

2023-12-18

30

МОНГОЛ-ОРОСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА - 2023

Монгол Улсын Эрчим хүчний яамныхан БНБуриад Улсын

Улаан-Үд хотноо ажиллав

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх тэргүүтэй “Цахилгаан дамжуулах Үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Ерөнхий инженер Б.Эрхэмзаяа, “Диспетчеийн Үндэсний Төв” ТӨХХК-ийн импортын гэрээний мэргэжилтэн С.Мандахтөр нарын бүрэлдэхүүнтэй Монгол Улсын төлөөлөгчид ОХУ-ын “СО-ЕЭС” Хувьцаат нийгэмлэгийн салбар – Буриадын РДУ-ын удирдлагатай 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 11.00-12.00 цагт БНБуриад Улсын Засгийн газрын ордонд ажлын албан ёсны уулзалт хийв.

Тус уулзалтад Монголын талаас, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх, “Цахилгаан дамжуулах Үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Ерөнхий инженер Б.Эрхэмзаяа, “Диспетчерийн Үндэсний Төв” ТӨХХК-ийн импортын гэрээний мэргэжилтэн С.Мандахтөр, Монгол Улсаас ОХУ-ын БНБуриад Улсын Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консул Д.Нямцэрэн, ЕКГ-ын Консул Ц.Ганхуяг, ЕКГ-ын нарийн бичгийн дарга Г.Чингис,

Оросын талаас, БНБуриад Улсын Зам тээвэр, эрчим хүч, замын байгууламжийн хөгжлийн яамны Тэргүүн Дэд сайд Владимир Сергеевич Кружихин, “СО ЕЭС” ХК-ийн салбар - Буриадын Бүсийн Диспетчерийн Удидлага (РДУ)-ын захирал Иван Викторович Шипулин, “СО ЕЭС” ХК-ийн Буриадын салбарын захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий дистетчер Владимир Георгиевич Лазарев, ОХУ-ын ГХЯ-ны Улаан-Үд дэх Төлөөлөгчийн газрын Тэргүүн Александра Ивановна Пономарева нар тус тус оролцов.

ОХУ-ын “СО-ЕЭС” Хувьцаат нийгэмлэгийн салбар Буриадын РДУ-гийн Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд эрчим хүч нийлүүлж буй чадлын дээд хэмжээг хязгаарлах тухай айлын талаас 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр манай талд мэдэгдсэнээс үүдэлтэй Монгол Улсын эрчим хүчний системд учрах эрсдлийг тойрсон халуун сэдэв хөндөгдсөн үед Оросын тал эрчим хүч нийлүүлэлтээ хязгаарлахгүйгээ гэдгээ албан ёсоор илэрхийлсэн ч энэ шийдвэр ямар хугацаанд үргэлжлэх нь тодорхойгүй байсан учраас манай улсын эрчим хүчний эрсдлийг үнэлэх, Оросын холбогдох албаны хүмүүстэй уулзан Монгол Улсын нөхцөл байдлыг тайлбарлах, түүнчлэн өвлийн ид ачааллын үед эрчим хүчийг тасалдуулалгүй нийлүүлж байгаад талархал илэрхийлэх, талуудын эрчим хүчний дэд бүтцийг хөгжүүлэх, боловсон хүчний нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой санал солилцоход уулзалтын зорилго оршиж байв.

ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх албан ёсоор уулзах урилгыг хүлээн авсанд талархал илэрхийлж, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн мэндчилгээг уламжлан өвлийн ид ачааллын үед Монгол Улсад эрчим хүчээ найдвартай нийлүүлж байгаа Оросын талд гүн хүндэтгэлээ илэрхийлээд Монгол Улсын эрчим хүчний өнөөгийн бодит байдлыг тодорхой баримт тоон үзүүлэлтээр дүгнэн тайлбарлаж, Оросоос эрчим хүч импортлох замаар хүндрэлийг даван туулахаас өөр боломжгүй байгаа, цаашид талууд эрчим хүчний дэд бүтцээ хөгжүүлж улам боловсронгуй болгох чиглэлд техник-эдийн засгийн хамтарсан судалгаа хийхэд Монголын тал санхүүжилт гаргахад бэлэн гэдгээ илэрхийлэн, эрчим хүчний салбарын боловсон хүчин бэлтгэхэд уламжлалт харилцаагаа үргэлжүүлэх саналтай байна гэдгээ илэрхийлэв.

Оросын тал өөрсдийн эрчим хүчний системд учирсан хүндрэлээ тайлбарлахын сацуу Монгол Улсад гэрээнд заагдсан эрчим хүчийг тогтвортой нийлүүлнэ гэдгээ илэрхийлэн эрчим хүчний техникийн чиглэлийн судалгаанд хамтрахад бэлэн, боловсон хүчний уламжлалт сургалтыг үргэлжлүүлэх, сургалт явуулахдаа салбарын мэргэжилтнүүд тэмцээн уралдааны хэлбэрийг сонгон хэрэгжүүлж болох юм гэсэн санал дэвшүүлэв.

Уулзалт бүхэлдээ ажил хэрэгч, элэгсэг дотно уур амьсгалд болж өнгөрөв.

2023 оны 12 дугаар сарын 18, Улаан-Үд хот,

БНБуриад Улсын Засгийн газрын ордон.

Зураг дээр: Уулзалтад оролцсон Монгол Улсын ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх тэргүүтэй Монголын талын төлөөлөгчид, БНБуриад Улсын Зам тээвэр, эрчим хүч, замын байгууламжийн хөгжлийн яамны Тэргүүн Дэд сайд Владимир Сергеевич Кружихин тэргүүтэй Оросын талын төлөөлөгчид. 2023 оны 12 дугаар сарын 18, Улаан-Үд хот, БНБуриад Улсын Засгийн газрын ордон.