Буриадаас Монгол руу чиглэсэн нислэгүүд эргэж сэргэнэ
Буриадаас Монгол руу чиглэсэн нислэгүүд эргэж сэргэнэ
Агаарын тээврийн IR Aero компани долоо хоногт нэг удаа нислэг үйлдэх болно.
2024 оны 1-р сарын 27-ноос агаарын тээврийн "ИрАэро" компани Улаан-Үд - Улаанбаатар - Улаан-Үд чиглэлд нислэг үйлдэж эхэлнэ. Нислэгийг долоо хоногт нэг удаа буюу Ням гарагт үйлдэнэ гэж “Байгаль” нисэх онгоцны буудлын Ерөнхий захирал Дмитрий Гармаев мэдэгдэв.
Тус авиакомпани Улаан-Үд-Улаанбаатар чиглэлд CRJ-200 онгоцоор нислэг үйлдэх аж. Нислэгийн нэг талын тийзний үнэ 9955 рублиэс эхэлнэ гэжээ.
Улаан-Үд-Улаанбаатарын хоорондох агаарын хөдөлгөөнийг 2022 оны зун коронавирусын цар тахлын улмаас түр завсарласны дараа эргэн сэргээж байсан юм. Энэхүү нислэгийг Монголын агаарын тээврийн "Хүннү Эйр" компани гүйцэтгэж байсан бөгөөд эхлээд долоо хоногт хоёр удаа нисдэг байснаа эрэлт хэрэгцээ нэмэгдсэнтэй холбогдуулан 2022 оны 11-р сараас 5 хүртэл нислэгийн тоог дөрөв болгон нэмж байжээ. Гэвч цар тахал дууссаны дараа 2023 оноос байдал өөрчлөгдөн, Монголоос Буриадыг зорьж онгоцоор нисэх жуулчдын урсгал эрчимтэй багасчээ. Иймээс өнгөрсөн есдүгээр сард Монголын “Хүннү Эйр” компани Улаан-Үд-Улаанбаатар чиглэлийн шууд нислэгээ цуцалснаа зарласан юм.
"Улаанбаатар нь Оросын хувьд зүүн зангилаа цэг болж, шууд нислэг хийх боломжгүй Өмнөд Солонгос, Япон, Тайланд зэрэг олон чиглэлд нисэх боломжийг оросуудад олгож байна" гэж Дмитрий Гармаев хэллээ.
.