images

Хилийн усыг хамгаалах, ашиглах асуудлаар Хамтарсан ажлын хэсэг хуралдаж байна

Ерөнхий Консулын Газрын мэдээ

2023-11-23

26

Хилийн усыг хамгаалах, ашиглах асуудлаар Хамтарсан ажлын хэсэг хуралдаж байна 

"Хилийн усыг хамгаалах, ашиглах" тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах Хамтарсан ажлын хэсгийн хуралдаан 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ОХУ-ын БНБуриад Улсын Улаан-Үд хотын "Байгаль плаза" зочид буудалд эхэллээ.

Ажлын хэсгийн Монголын талын төлөөлөгчдийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Усны газрын дарга, Хилийн усыг хамгаалах, ашиглах тухай Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх Ажлын хэсгийн Монголын талын дарга З.Батбаяр, ОХУ-ын талын төлөөлөгчдийг ОХУ-ын Засгийн газрын Бүрэн Эрхт Төлөөлөгчийн орлогч, Енисей мөрний сав газрын усны нөөцийн удирдлагын дарга Сергей Викторович Капустин ахалж байна.

Хамтарсан ажлын хэсгийн хуралдаанд Монгол Улсаас ОХУ-ын БНБуриад Улсын Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консул Д.Нямцэрэн, ЕКГ-ын Консул Ц.Ганхуяг, ажилтан Г.Чингис (Ажлын хэсгийн Монголын талын орчуулагчаар), ОХУ-ын ГХЯ-ны Улаан-Үд хот дахь Төлөөлөгчийн газрын Тэргүүн А.И.Пономарёва, тус газрын ажилтан Ксения Шагдарова нар оролцож байна.

Хуралдаан 2 өдөр үргэлжлэн, үр дүнгээр Протокол үйлдэнэ. "Хилийн усыг хамгаалах, ашиглах" тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн Засгийн газруудын Бүрэн Эрхт Төлөөлөгчдийн уулзалт 2023 оны 11 дүгээр сарын 26-29-ний өдрүүдэд Эрхүү хотноо явагдах юм.

Хамтарсан Ажлын хэсгийн хуралдаанаар:

- Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын "Хилийн усыг хамгаалах, ашиглах" тухай хэлэлцээрийн хэрэгжилтийг хариуцаж буй Бүрэн Эрхт Төлөөлөгчдийн XVI-XVII хуралдаан хооронд Хамтарсан ажлын хэсгийн хэрэгжүүлсэн арга хэмжээний тухай;

- Бүрэн Эрхт Төлөөлөгчдийн XVI-XVII хуралдаан хоорондын хугацаанд Сэлэнгэ, Онон мөрний сав газрын нөхцөл байдал, 2022-2023 оны хавар, намын үерийн тухай;

- Хилийн гол мөрний гидрологийн түүхэн мэдээлэл солилцох тухай;

- Хилийн гол мөрний чанарын үнэлгээний тухай;

- Сэлэнгэ, Онон болон Улз гол, мөрний сав газрын хил орчмын аж үйлдвэрийн үйл ажиллагааны нөлөө, байгаль хамгаалал, усны нөөцийн удирдлагын тухай;

- Монгол Улсын нутаг дэвсгэрт Сэлэнгэ мөрний сав газарт төлөвлөгдөж буй усны техникийн байгууламж, обьектуудын тухай (Эгийн голын УЦС-ын төсөл);

- Талуудын хууль тогтоомжийн дагуу гол, мөрний сав газрын нэгдсэн концепц, холбогдох бусад асуудал;

- Хамтарсан ажлын хэсгийн 2024 оны хуралдааны тухай.