images

И.Г.Сизов: Буриад Улсын Засгийн газраас 100 оюутныг тэтгэлгээр суралцуулна

Ерөнхий Консулын Газрын мэдээ

2023-11-09

57

И.Г.Сизов: Буриад Улсын Засгийн газраас 100 оюутныг тэтгэлгээр суралцуулна

ОХУ-ын шилдэг их дээд сургуулиудад тэтгэлэгтэй, цалинтай суралцах боломж улам бүр нээгдсээр байгаа ажээ. Энэ тухай ОХУ-ын Буриад улсын Дорнод Сибирийн технологи, удирдлагын улсын их сургуулийн ректор, техникийн ухааны доктор, профессор Игорь Геннадьевич Сизовтой ярилцлаа.


-ОХУ-ын боловсролын үзэсгэлэнд энэ жил 30 орчим сургууль оролцжээ. Буриад улсын их сургуулиуд энэ арга хэмжээнд өндөр ач холбогдол өгч оролцдог. Та бүхний хувьд, энэ удаа монгол оюутнуудад дуулгах сонирхолтой мэдээлэл юу байна вэ?

-ОХУ-ын Засгийн газраас 2024-2025 оны хичээлийн жилд Монгол Улсын иргэдэд зориулан 620 тэтгэлэгт хуваарийг зарласан байгаа. Тэгвэл Буриад улсын Засгийн газраас нэмэлтээр 100 оюутныг тэтгэлгээр суралцуулах шийдвэрийг мөн гаргаад байна. Энэ жилийн ОХУ-ын боловсролын үзэсгэлэнд Буриадын тэргүүлэх дөрвөн их сургууль, салбар сургуулиудын хамт хүрэлцэн ирж оролцлоо. Өнгөрсөн жил бидний ажил  маш үр дүнтэй, өгөөжтэй байсан. Учир нь, Монгол Улсаас Буриад улсын их сургуулиудтай танилцахаар төгсөх ангийн хүүхэд залуус анги хамт олноороо очдог болсон.

-Тухайлбал?

-Жишээ нь, Сэлэнгэ аймгийн “Төгсөгчдийн групп”-ийн хүүхдүүд манай сургуулийн хичээлийн байр, оюутны дотуур байр, номын сан, судалгаа шинжилгээний лабораторитой танилцаад явсан.

-Одоо Буриад улсад хэдэн монгол оюутан суралцаж байна вэ. Улан-Үд хотыг сонгон суралцах монгол оюутнуудын тоо нэмэгдэж байна уу?

-Манай сургуульд буюу Дорнод Сибир Технологи удирдлагын их сургуульд 12 монгол оюутан суралцаж байна. Үүнээс хоёр оюутан нь ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэг авсан, одоогоор хэлний бэлтгэлд суралцаж байгаа. Хоёр улсын газар нутгийн байршил, хил залгаа байдлаас харвал энэ нь харьцангуй бага тоо. Цаашид Улан-Үд хотноо суралцах монгол оюутнуудын тоо нэмэгдэх байх гэж бодож байна.

-Оюутнуудын сонирхол, мэргэжил сонголтын талаар судалж үзэв үү?

-Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй боловсролын үзэсгэлэнгээс харахад Монгол Улсын хүүхэд залуус, элсэгч төгсөгчид инженер технологи, эдийн засаг, автозам, барилга, эрчим хүч, хүнсний технологи, аж үйлдвэрийн мэргэжлийн чиглэлийг илүүтэй сонирхож байгаагаа хэлсэн. Манай сургуульд эдгээр мэргэжилтнүүдийг бэлтгэдэг олон факультет бий. Тиймээс ОХУ-ын Буриад улсыг зорин ирэх монгол оюутнуудын тоо нэмэгдэх байх гэж бодож байна.

-Тэгвэл ирэх хичээлийн жилд танай сургууль Монголоос хэдэн оюутан элсүүлэх вэ?

-Мэдээж, ОХУ-ын боловсролын систем, Буриад улсын их сургуулиудыг зорин ирж, мэдлэг боловс­рол эзэмшихыг хүссэн хүн бүхэнд манай сургуулийн үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.

-Сургалтын чанарын тухай тодотгохгүй юу?

 -Манай сургуулийн сургалтын чанар, суралцах орчин нөхцөл таалагдана гэж бодож байна. Учир нь, Дорнод Сибирийн технологи, удирдлагын улсын их сургууль нь холбооны зорилтот, салбарын болон яамны захиалгат эрдэм шинжилгээний судалгаа, Оросын хүмүүнлэгийн салбарын грант, Оросын суурь судалгааны грант болон бусад байгууллагын захиалгат судалгааг явуулдаг чадварлаг баг хамт олонтой. Дэлхийн түвшинд хүрэх зорилгоор бид 2008 онд машин зохион бүтээх, электроник, геологи, барилга, экологи, криминалистик, эм зүй болон анагаах ухааны  хамтран ашиглах “Дэвшил” төвийг байгуулсан. Тус төвд бүс нутгийн их дээд сургуулийн багш нар, эрдэм шинжилгээний байгууллагууд, үйлдвэрийн байгууллагуудын эрдэм шинжилгээний хурал семинарыг зохион байгуулдаг. Судалгааны ажлуудын олонхи нь албан байгууллага, үйлдвэрүүдтэй хийсэн туршилт-зохион бүтээх тухай аж ахуйн гэрээний үндсэн дээр явагддаг.

-Эрдэм шинжилгээний томоохон төвөөр дамжуулж судалгаа шинжилгээний бүтээлүүдийг бүтээгдэхүүн болгож гаргадаг тухай  мэдээллийг уншиж байсан. Тэр төвийн талаар сонирхуулахгүй юу?

-“Инновацийн төв”-ийг 2011 онд байгуулсан юм. Оюуны хөдөлмөрийн үр дүнг бодит практикт нэвтрүүлэх үүднээс 13 сургалт судалгаа, үйлдвэрлэлийн төв, есөн инновацийн бага оврын үйлдвэрийг байгуулсан. Жил бүр тус их сургуульд 200 давсан эрдэм шинжилгээ судалгааны ажил хийгддэгээс 30 гаруй нь суурь судалгааных байдаг.

-Оюутны инкубатор төв гэж байдаг юм билээ. Тэр төв ямар чиглэлээр ажилладаг вэ?

-Оюутнуудыг бизнес эрхлэгч болгох зорилгоор 2008 онд их сургуулиудын бизнес инкубатор төвийг байгуулсан юм. Жил бүр 20 гаруй Олон улсын, бүх Оросын, бүс нутгийн эрдэм шинжилгээний хурлууд зохион байгуулагддагаас 1500 гаруй илтгэл тавигддаг. Үүнээс жил болгон 200 орчим нь I, II, III байр эзэлдэг. Манай сургууль ОХУ-ын Засгийн Газрын тэтгэлэг, ОХУ-ын Ерөнхийлөгчийн тэтгэ­лэгт олон удаа шалгарсан гээд дурдвал амжилт ололт олон бий. 

-Буриад улсын Засгийн газраас зарласан нэмэлт тэтгэ­лэг мэргэжлийн чиглэл дотроо анагаах ухаан, эдийн засаг, техник технологи гэх мэт нарийн хуваарилсан зүйл бий юу?

-Энэ тэтгэлэг дотроо нарийн тодорхой хуваарилагдсан зүйл байхгүй. Буриад улсын их сургуулиудыг сонгон суралцах хүн бүхэн энэ тэтгэлэгт хамрагдах боломжтой. Тэр дундаа Дорнод Сибир Технологи удирдлагын улсын их сургуулийн тэтгэлэг нэлээд өндөр, 7500 рубль. Үүн дээр сурлага болон урлаг, спортын өндөр амжилттай суралцаж буй оюутнуудад 10-20 мянган рубль нэмэгддэг.

-Оюутнуудыг татахад суралцах орчин бас их нөлөөлдөг. Залуусын тав тухыг хангасан, орчин үеийн хөгжил дэвшилд нийцсэн, сургуультай ойрхон дэд бүтэц сайн хөгжсөн байх гээд шалгууруудыг хэр хангасан бол?

-Манай сургуулийн дэд бүтэц маш сайн хөгжсөн. Тухайлбал, 25 хичээлийн болон сургалтын лабораторын корпустай. Амралтын гурван баазтай. Үүний нэг нь Байгаль нуурт байрладаг. “Ровесник” гэдэг кэмп бий. Нэг ээлжинд 150 хүн амрах боломжтой. Эдгээр корпус тус бүртээ урлаг, спортын талбай гэх мэт өөрийн гэсэн тав тухыг бүрдүүлсэн тохижилттой. Оюутнуудад энэ амралтын билетээ хөнгөлөлттэй үнээр олгодог. Ихэнх зардлыг нь их сургууль өөрсдөө хариуцдаг. Түүнээс гадна бид шинжлэх ухаан, боловсролын салбарт өндөр ач холбогдол өгдөг. Дээр дурдсан судалгаа шинжилгээний хүрээлэнгүүд олон бий.

-Улан-Үд хотод хэлний бэлтгэлд хамрагдах гадаад оюутнуудын тоо нэмэгдсэн гэж сонссон?

-Одоогоор хэлний бэлтгэлээ түр зогсоосон байгаа. Гэсэн ч манай сургуульд элсэж буй оюутан орос хэлний анхан шатны мэдлэгтэй бол бид дараагийн шатны хэлний сургалтад хамруулах боломжтой. 2024 оноос эхлээд Буриад улсын их сургуулиуд хамтран их сургуулийн кампус барих гэж байгаа. Энэ кампус нь гадаад оюутнуудын тав тух, эрэлт хэрэгцээг хангасан, дэлхийн жишигт нийцсэн байхаар төлөвлөж байгаа учраас монгол оюутнууд ч бас олон ирэх болов уу. Барилгын ажил нь гурван жил үргэлжилнэ гэсэн тооцоолол байна.

-Оюутнуудын хамгийн их сонирхож буй мэдээлэл нь эрэлттэй мэргэжлээр сурал­цахаас гадна “2+2” хөтөлбөр буюу хос дипломтой төгсөх боломж байдаг. Танай сургуульд энэ боломж хэр байдаг вэ?

-Энэ “2+2” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр бид Монголын хэд хэдэн их, дээд сургуультай хамтран ажиллахаар ярилцаж байна. Санхүү, эдийн засгийн их сургуультай хамтран ажиллаж байна. ШУТИС болон “Ситиньюс” их сургуультай энэ талаар уулзаж ярилцсан.

-Хэзээнээс эхлэх бол?

-Удахгүй ажил хэрэг болоод явна.

-Буриад улсын их сургуулиуд дотроо танай сургууль бүтцийн хувьд нэлээд томд тооцогддог юм байна. Энэ жил хэдэн багш, оюутантай хичээллэж байна вэ?

-Жил ирэх тусам ОХУ-ын дотооддоо зарладаг тэтгэлгийн квот нэмэгддэг. Энэ жил 1400 тэтгэлэг авсан байна. Өдрийн ангид 3500, бусад ангийн оюутантайгаа нийлээд 8500 оюутан суралцаж байна. Багш нарын тоо 360, ажилтан албан хаагч 900, доктор профессорууд нийлээд манай сургууль нийт 9500 хүнтэй сурч ажиллаж байна. Ойролцоогоор 150 гадаад оюутан бий.

-Азийн орнууд гэлтгүй Европын орнуудаас хүртэл оюутнууд ирж суралцаж байгаа гэж ярьж байсан. Энэ тухай?

-Хятад, Монгол, Вьетнам, Казахстан, Тажикстан,  Узебикстан, Киргиз, Армян зэрэг ул орнуудаас  ирж суралцаж байгаа оюутан олон байна.

-Ярилцлагынхаа төгсгөлд элсэгчдэд болон эцэг эхчүүдэд дуулгах нэмэлт мэдээлэл юу байна вэ?

-Сүүлийн хоёр жилд бидний хамтын ажиллагаа эрдэм шинжилгээний салбарт олон сайхан үр дүн авчирч байна. Улаанбаатар, Улан-Үд хоёр хил залгаа, ойролцоо байршилтай. Улан-Үд хот амгалан тайван, цэвэрхэн хот. Монголтой адилхан сайхан байгальтай. Сурч хөгжих, ажиллаж амьдрахад тав тухтай. Тиймээс монгол оюутнууд суралцахаар ирэх болов уу гэж бодож байна.

-Мэдээллийг хаанаас авах вэ?

-ОХУ-ын Буриад улсын тэргүүлэх их сургуулиудын талаарх мэдээллийг илүүтэй сонирхвол Монголд ажиллаж буй албан ёсны төлөөлөгч Д.Тогтох гэж хүн бий. Түүнтэй  холбогдож мэдээлэл авах боломжтой. Мөн фэйсбүүк дэх “ОХУ-ын Буриад улсын тэргүүлэх их сургуулиуд” гэсэн пэйж хуудаст зочилж мэдээлэл авч болно. Монгол оюутнуудад тэтгэлэгтэй, хөнгөлөлттэй суралцах олон боломжууд байдаг шүү гэж хэлмээр байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН