Оюутнуудын урлаг, спортын "Оюутны намар - 2023" наадам боллоо
Оюутнуудын урлаг, спортын "Оюутны намар - 2023" наадам боллоо
ОХУ-ын БНБуриад Улсад суралцдаг монгол оюутнуудын дунд зохиогдсон "Оюутны намар - 2023" урлаг, спортын наадам амжилттай явагдаж өнгөрлөө.
Ковид цар тахлаас хойш хэсэгтээ завсарласан наадам ийнхүү сэргэж, оюутнуудын хүсэн хүлээсэн баяр болох нь харагдав.
Сагс, волейбол, шатрын төрлөөр өрсөлдсөн оюутнууд, урлагт хэр авьяастайгаа харуулахдаа ч өрсөлдөөн тун чиг ширүүн болсныг дурдах нь зөв болов уу.
Монгол Улсаас ОХУ-ын БНБуриад Улсын Улаан-Үд хотноо суугаа ЕКГ, Улаан-Үд хотноо саяхан байгуулагдсан Монгол оюутны холбоо хамтран уг арга хэмжээг өндөр түвшинд зохион байгуулж, тэмцээнийг мэргэжлийн баг шүүсэн нь наадмын чанар чансааг өргөв.
Спорт, урлагийн тэмцээний нийлбэр дүнгээр Буриадын Их сургуулийн баг тэргүүлсэн бол урлагийн талбарт Улаан-Үдийн Багшийн коллежийн баг илүү авьяастайгаа харуулж Ялагчийн Цом өргөлөө.
Энэ жилийн наадам ирэх жилийн наадмыг улам хурцлах нь дамжиггүй. Оюутнууд үнэхээр авьяаслаг, чадварлаг аж.
Хүсвэл дажгүй нэгэн концерт тавих хүч бүрэлдсэн мэт. Энэ бол урлагийн тоглолтыг шүүсэн шүүгчдийн үг шүү.
Энэ жилийн наадам ийнхүү зөв хор шар, эвсэг уур амьсгал, сэтгэл хөдлөл, эх орноо санасан сэтгэл энэ бүгдийг шингээсэн сайхан арга хэмжээ боллоо.
Та нартаа баярлалаа.
2023-11-04-05, Улаан-Үд хот.