Халхын голын хамтын ялалтын 85 жилийн түүхт ойг 2024 онд ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр хоёр тал тохиров
Халхын голын хамтын ялалтын 85 жилийн түүхт ойг 2024 онд ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр хоёр тал тохиров
Оросын Холбооны Улсын Засгийн газрын дарга М.В.Мишустин Монгол Улс, ОХУ нь олон жилийн найрсаг харилцааны түүхтэй, стратегийн түнш улсууд болохыг тэмдэглэн, түүхийн хүнд цаг үед болон их бүтээн байгуулалтын жилүүдэд манай хоёр орны ард түмэн ямагт хамтдаа байж, бүх талын хамтын ажиллагааг хөгжүүлж ирснийг дурсан, цаашид худалдаа, санхүү, дэд бүтэц, эрчим хүч, боловсролын салбарт хамтын ажиллагааг тодорхой төслүүдээр эрчимжүүлэхийн төлөө хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар саяхан Бээжин хотноо уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцсан нь чухал ач холбогдолтой болсныг Засгийн газрын тэргүүн нар онцлон тэмдэглэж, Худалдаа, эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит 25 дугаар хуралдаан аравдугаар сарын 23-24-нд Улаанбаатар хотноо амжилттай явагдаж, хоёр орны бүх салбарын хамтын ажиллагааны тулгамдсан асуудлуудыг нухацтай хэлэлцэн, тодорхой шийдвэрүүдийг гаргаж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлсон нь чухал ач холбогдолтой болсныг Засгийн газрын тэргүүн нар өндрөөр үнэлэв.
Түүнчлэн Монгол, Орос, Хятад гурван улсын эдийн засгийн коридорын төслүүдийг, тухайлбал Монгол Улсын төв тэнхлэгийн төмөр замын шинэчлэл, зүүн болон баруун тэнхлэгийн төмөр замын шинэ бүтээн байгуулалт, Алтанбулаг – Замын-Үүд чиглэлийн өндөр хурдны автозам, ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ-д нийлүүлэх байгалийн хийн хоолой зэрэг стратегийн ач холбогдолтой томоохон төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр хоёр тал тохиров.
Монгол, Оросын нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болсон Халхын голын хамтын ялалтын 85 жилийн түүхт ойг 2024 онд ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр хоёр тал тохиров.