Орос-Монгол-Хятадыг холбосон “Сибирийн хүч-2” хийн хоолойн төслийн талаар “Нэг бүс Нэг зам” III Форумын үеэр юу яригдав?
Орос-Монгол-Хятадыг холбосон “Сибирийн хүч-2” хийн хоолойн төслийн талаар “Нэг бүс Нэг зам” III Форумын үеэр юу яригдав?
ОХУ-ын мэдээллийн “ТАСС” агентлаг (2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн нийтлэл), Эх сурвалж: https://tass.ru/ekonomika/19057959 мэдээлснээр,
ОХУ-ын Түлш, эрчим хүчний салбарын хөгжлийн стратеги, экологийн аюулгүй байдал хариуцсан комиссын хариуцлагатай нарийн бичгийн дарга, “Роснефть” компаний тэргүүн Игорь Сечин БНХАУ-ын Бээжин хотноо болсон “Орос-Хятадын эрчим хүчний бизнес форум”-ын үеэр тавьсан илтгэлдээ, Орос-Хятадын байгалийн хийн салбарын хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж буйг дурдаж, энэ жил Оросоос Хятадад нийлүүлэх байгалийн хийн экспортын хэмжээ түүхэн дээд хэмжээ болох 30 тэрбум куб.метрт хүрнэ гэж мэдэгдэв.
ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий тээвэрлэх шинэ гарц боломжийн талаар хоёр улс хэлэлцээр явуулж байгааг онцолж, тэр дундаа Монгол Улсын нутгаар дайруулан хий дамжуулах хоолой барихаар төлөвлөж буй тухай тэрээр илтгэлдээ онцлон дурдсан байна.
Мөн энэхүү форумын хүрээнд ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга Александр Новак “2022 онд “Сибирийн хүч” хоолойгоор ОХУ-аас БНХАУ руу 15,5 тэрбум куб.метр байгалийн хий экспортолсон бол, 2023 онд энэхүү хэмжээ 22 тэрбум куб.метрт хүрч, 2025-2027 онд төслийн төлөвлөсөн 38 тэрбум куб.метрийн хүчин чадалд хүрнэ гэж онцлон тэмдэглэсэн бол, “Газпром” компанийн тэргүүн Алексей Миллер ойрын жилүүдэд Алс Дорнодын бүс нутагт төлөвлөсөн төслүүд хэрэгжсэнээр “Газпром” компани БНХАУ руу жилд 48 тэрбум куб.метр байгалийн хий нийлүүлэх боломжтой болох бол Монгол Улсын газар нутгаар байгалийн хий дамжуулан экспортлох төсөл хэрэгжсэн тохиолдолд энэ хэмжээ 100 тэрбум куб.метрт хүрэх боломжтойг мөн онцолжээ.
Түүнчлэн, Оросын мэдээллийн «Риа Новости» агентлаг (2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн нийтлэл) мэдээлснээр,
БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хийсэн уулзалт дээр Хятад-Монгол-Оросын хийн хоолойн төслийн барилга байгууламж барих ажил аль болох түргэн дэвшилд хүрнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлснийг Хятадын Төв телевиз дамжуулсан байна.
Тэрбээр “Их Цайны зам” төслийн хүрээнд аялал жуулчлалын хамтын ажиллагааг хөгжүүлэх болон Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридор тээврийн хэлхээ холбоог хөгжүүлэхэд тусална гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.