images

ОХУ-ын Хабаровскийн хязгаарын Амбан захирагч Михаил Владимирович Дегтярев энэ оны 12 дугаар сард Монгол Улсад айлчилна

Ерөнхий Консулын Газрын мэдээ

2023-10-19

16

ОХУ-ын Хабаровскийн хязгаарын Амбан захирагч Михаил Владимирович Дегтярев энэ оны 12 дугаар сард Монгол Улсад айлчилна

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан өнөөдөр (2023.10.16) Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад ОХУ-ын ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга Максим Владимирович Кравцов болон тус яамны атташе Татьяна Михайловна Сятчихина болон албаны бусад хүмүүс оролцов.

Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан хоёр улсын өндөр, дээд түвшний харилцан айлчлалуудын давтамж хадгалагдаж, Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа бүхий л салбарт эрчимжиж байгааг дурдаад, цаашид худалдаа, эдийн засгийн харилцаагаа эрчимжүүлж шинэ шатанд гаргах, хоёр орны бүс нутгийн болоод соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх, байгаль орчны доройтлыг бууруулах, нөхөн сэргээх, ажлыг эрчимжүүлэх, гадаад худалдааг өргөжүүлэх зэрэг асуудлаар санал солилцлоо.

Тэрбээр, “2023 оны эхний 7 сарын байдлаар хоёр орны худалдааны эргэлт 2,4 тэрбум доллар байгаагаас нийт экспортын 60,8 хувь буюу 1,3 тэрбум долларыг  ОХУ-аас экспортлосон газрын тос, нефтийн бүтээгдэхүүн эзэлж байна. Жилээс жилд манай хоёр улсын худалдааны зөрүү буюу тэнцвэртэй байдал алдагдаж байгаа бөгөөд тарифын болон тарифын бус саад тотгорыг арилгах асуудал нэн чухал байна” хэмээн онцлоод, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр тодорхой санал, санаачилга гарган ажиллаж байгаа талаараа яриа өрнүүлэв. Уулзалтын үеэр байгаль орчныг хамгаалах, хоёр орны худалдааны эргэлтийг сайжруулж, хөнгөн үйлдвэр болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолуур, арьс шир, арьсан бүтээгдэхүүний экспортын тоо хэмжээг нэмэгдүүлэх, хамтарсан үйлдвэр байгуулах зэргээр хамтын ажиллагааны цар хүрээг бүс нутгийн хэмжээнд болон хоёр улсын холбогдох байгууллагуудын хүрээнд асуудлыг шийдвэрлэх гарц байна гэдэгтээ  талууд санал нэгдэж байлаа.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, цөлжилттэй тэмцэх зэргээр газар зүйн нэг бүс нутагт оршдог улс орнуудын хувьд хамтран ажиллах нь чухал гэж үзэж байгаагаа хоёр тал илэрхийлж байв.

Улсын Их Хурал дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дэд даргын урилгаар ОХУ-ын Хабаровскийн хязгаарын Амбан захирагч Михаил Владимирович Дегтяревын энэ оны 12 дугаар сард манай улсад хийх албан айлчлалын үеэр  бүс нутгийн соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх,  эдийн засаг, бизнесийн танилцах уулзалт зэргийг зохион байгуулахаар бэлтгэл ажил хийгдэж байгаа талаар Байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан яриандаа дурдав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.