images

Автомашинтай зорчигч шалгах хугацааг богиносгох талаар яригджээ

Ерөнхий Консулын Газрын мэдээ

2023-10-12

34

Автомашинтай зорчигч шалгах хугацааг богиносгох талаар яригджээ

Сүхбаатар, 2023 оны аравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/.

Өнөөдөр ОХУ-ын БНБуриад Улсын Тэргүүн Алексей Самбуевич Цыденов тэргүүтэй албаны төлөөлөгчид Сэлэнгэ аймгийн Алтанбулаг чөлөөт бүс болон Олон улсын автозамын Шалган нэвтрүүлэх бүсэд ажиллаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтад Монгол Улсын талаас Эдийн засаг, хөгжлийн яамны хөрөнгө оруулалт бодлогын газрын дарга Б.Анар, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Монгол хэсгийн даргын зөвлөх Х.Наранхүү, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, Улаан-Үд хотод суугаа ЕКГ-ын төлөөлөл оролцжээ.

ОХУ-ын талаас ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны яамны олон улсын хамтын ажиллагаа, гадаад худалдааны тусгай зөвшөөрлийн газрын дарга Р.А.Чекушов, ОХУ-аас Монгол Улсад суугаа худалдааны төлөөлөгч М.В.Васильев болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Уулзалтын хүрээнд Чөлөөт бүсийн үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомж, хөрөнгө оруулагчдад олгож байгаа боломж, дэд бүтцийн асуудал яригдав.

Энэ үеэр автомашинтай зорчигч оросын тал дээр хэт их уддаг байдлыг анхаарч,  бага оврын машины хяналт шалгалтын хугацааг богиносгох хүсэлтийг мэргэжлийн байгууллагуудаас  илэрхийллээ.