ОХУ-ын шинэ татварын тухай
ОХУ рублийн ханшийг тогтворжуулах зорилгоор татварын шинэ бодлогыг хэрэгжүүлж эхэллээ. Энэхүү бодлогыг 2023 оны 10 дугаар сарын 1-нээс 2024 оны эцэс хүртэл хэрэгжүүлэхээр Засгийн газрын шийдвэрт тусгажээ.
Орос Холбооны улс 2023 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 2024 оны эцэс хүртэл рублийн ханштай уялдуулан, хөвөгч татварыг өргөн хэрэглээний барааны экспортод ногдуулах тухай 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Засгийн газрын 1538 тоот тогтоолд ОХУ-ын Засгийн газрын дарга И. Мишустин гарын үсэг зурав.
Бараа бүтээгдэхүүний экспорт болон дотоодын хэрэглээний зохистой харьцааг хадгалах зорилгоор энэхүү зохицуулалтыг хийсэн бөгөөд гаргасан шийдвэр нь дотоодын зах зээл дэх үндэслэлгүй үнийн өсөлт, хөөргөдлөөс хамгаалахад оршиж байна.
Ам. доллартой харьцах ханш дунджаар 80 рубль буюу түүнээс доогуур бол 0 хувь, 80-85 рубль байх тохиолдолд 4 хувиар, 85-90 рубль байх үед 4.5 хувь, 90-95 рубль бол 5.5 хувь, 95 рублиэс дээш ханштай бол 7 хувиар тус тус бараа, бүтээгдэхүүний гаалийн үнийн дүнгээс тооцож, экспортын татвар ногдуулна. Харин бордооны хувьд рублийн ханшаас хамааран 10% хүртэл татвар ногдуулах ажээ.
Дээрх тогтоолын дагуу уул уурхай, хар ба өнгөт металлургийн салбар, түүнчлэн үнэт металл, нүүрс, бордоо зэрэг бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулах бөгөөд газрын тос, нефть бүтээгдэхүүн, байгалийн хий, үр тариа, наранцэцэгийн тос, наранцэцэгийн гурил зэрэг бараа, бүтээгдэхүүнд өмнөх засгийн газрын тогтоолуудаар ногдуулсан татварын хэмжээнд өөрчлөлт ороогүй байна.
Мөн бараа бүтээгдэхүүний гадаад худалдааны нэршил /Товарный номенклатур-ТН/-ийн 02 код (мах, хүнсний махны дайвар бүтээгдэхүүн, код 11 (гурил, үр тариа), 30 (эмийн бүтээгдэхүүн), 44 (мод ба модон бүтээгдэхүүн), 49 (ном, сонин болон бусад хэвлэмэл бүтээгдэхүүн) 61-65 (хувцас, нэхмэл эдлэл, гутал), 84-85 (машин, тоног төхөөрөмж), 86-89 (газрын болон төмөр замын тээвэр, нисэх онгоц, усан онгоц, завь), 93 (зэвсэг, сум), 94-96 (аж үйлдвэрийн төрөл бүрийн бараа) зэрэг бараа бүтээгдэхүүний экспорт дээрх 1538 тоот тогтоолын үйлчлэлд хамаарахгүй юм байна.
Татварын хувь хэмжээг ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамны албан ёсны цахим хуудсанд байрлуулах бөгөөд тус цахим хуудсаар зарласан өдрөөс хойш хуанлийн сарын 1-ний өдрөөс эхлэн экспортын гаалийн татварын дараагийн хувь хэмжээг мөрдөж эхлэх хүртэл хугацаанд хэрэгжих болно гэж Засгийн газрын шийдвэрт тусгажээ.
Татварын хэмжээг Төв банкнаас тогтоосон долларын рубльтэй харьцах арифметик дундаж ханшийг үндэслэн тогтооно. Хяналтын хугацаа нь хяналт тавих сарын өмнөх сарын 26-ны өдрөөс эхэлнэ. Ийнхүү 2023 оны 10 дугаар сарын экспортын гаалийн татварын хувь хэмжээг наймдугаар сарын 26-наас эхлэн хяналт шалгалтын хугацаанд тооцож, есдүгээр сарын 27-ны өдрөөс өмнө цахим хуудсанд байршуулна гэжээ.
Энэхүү арга хэмжээ нь үр тариа, наранцэцэгийн тосны гадаад зах зээлийн үнийн өсөлттэй уялдсан демпфер /саармагжуулах/ механизм болгож, хувьсан өөрчлөгдөж байдаг татвартай ижил төстэй логик дээр үндэслэсэн бөгөөд эдгээр арга механизм нь үр дүнтэй болохоо өмнө нь нотлон харуулсан. Мөн дэлхийн зах зээл дээрх өндөр үнэ дотоодын зах зээлд дарамт болж, инфляцыг дэмжигч хүчин зүйлсийн нэг болж байсан тэр үед эдгээрийг анх эхлүүлсэн гэж Эдийн засгийн хөгжлийн яамны Гадаад эдийн засгийн үйл ажиллагааг хөгжүүлэх, зохицуулах газрын захирал Лилия Щур-Труханович тэмдэглэсэн байна.
Татварын уян хатан хувь хэмжээ нь экспортын ашгийг хадгалахын зэрэгцээ энэхүү инфляц, үнийн өсөлтийн нөлөөллийг бууруулахад тусалдаг.
Өнөөдрийн арга хэмжээ нь гадаад худалдааны тэнцэлд үзүүлэх ханшийн нөлөөг зөөлрүүлж, дотоодын зах зээл дэх нийлүүлэлтийг нэмэгдүүлэх урьдчилсан нөхцөлийг бүрдүүлж байна гэж тэр хэллээ. Энэ нь дотоодын хэрэглэгчдийн хувьд олон тооны барааны үнийн өсөлтийг хязгаарлах нөлөө үзүүлнэ.
Импортын бүрэлдэхүүн хэсгүүд ихтэй, өртөг өндөртэй бүтээгдэхүүн, түүнчлэн, өндөр боловсруулалт шаарддаг бүтээгдэхүүнүүдийг энэхүү экспортын татварт хамруулахгүй байхаар тусгажээ.
“Экспортын татварыг нэмэгдүүлснээр экспортлогчдын орлого буурч, түүнийг дагаад, улсын дотоод дахь экспортын барааны үнэ буурч, төсөвт нэмэлт орлого бий болгоно” гэж Bloomberg Economics-ийн Орос улсыг хариуцсан ахлах эдийн засагч Александр Исаков хэлжээ. Түүний тооцоогоор, оны эцэс гэхэд энэхүү экспортын татварын орлогын өсөлт нь 1-1.5 тэрбум доллар (90 тэрбумаас 140 тэрбум рубль хүртэл)-ыг төсөвт нэмж оруулах боломжтой гэж үзэж байна.
Эх сурвалж: