Алтанбулаг боомтын бүтээн байгуулалт
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс ирэх хоёр жилд экспортын таван гарцтай болно
Томилолт 2023-09-17
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ Алтанбулаг боомтын өргөтгөл шинэчлэл, Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцлаа.
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр тус боомтыг өргөтгөж шинэчилж байна. Энэ хүрээнд зорчигч тээврийн 19, ачаа тээврийн 18, дэд бүтцийн таван барилга, иж бүрэн инженерийн шугам сүлжээ, 6.000 м2 ногоон байгууламж, тусгаарлах зурвас бүхий дөрвөн эгнээ 1.7 км урттай авто зам, 7.000 м2 авто зогсоол, 30.000 м2 зам талбай баригдана. Төслийг хоёр үе шаттай гүйцэтгэж байгаа бөгөөд одоогийн байдлаар авто зам болон зогсоолын ажил дуусах шатандаа явж байна. Ажлыг “Эйч кэ би интернэшнл холдинг” ХХК хийж гүйцэтгэжээ.
Алтанбулаг боомтын бүтээн байгуулалтын нэгдүгээр хэсэг болох ачаа тээврийн терминал аравдугаар сарын 1-нд бүрэн ашиглалтад орно. Ингэснээр өнөөдрийг хүртэл түр байраар явж байсан боомтын үйл ажиллагаа шинэ байрандаа орох нөхцөл бүрдэнэ. Зорчигч тээврийн терминалын хэсгийг энэ ондоо багтаан ашиглалтад оруулахаар шамдаж байна гэж Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга танилцууллаа. Боомтын шинэчлэлийг бүрэн хийснээр Алтанбулаг боомтоор өдөрт нэвтрэх зорчигчийн тоо гурав, ачааны болон суудлын тээврийн хэрэгслийн тоо тус бүр дөрөв дахин нэмэгдэнэ гэж тооцож байна.
“Шинэ сэргэлтийн бодлогын хамгийн чухал зорилт бол боомтын сэргэлт. Өнгөрсөн хугацаанд манай улсад Замын-Үүд чиглэлийн ганцхан төмөр замаар ачаа эргэлт явж ирсэн. Засгийн газар ирэх хоёр жилд экспортын таван гарцтай болох зорилт тавьсан. Шивээхүрэн, Бичигтийн ажил дуусчихна. Зүүнбаян, Гашуунсухайт холбогдно. Замын-Үүдээ өргөтгөж байгаа. Дараагийн том зорилт бол гурван улсын коридор. Шивээхүрэнг Арцсуурьтай, Бичигтийг Эрээнцавтай, Замын-Үүдийг Алтанбулагтай холбоно. Замын-Үүд Алтанбулагийн вагон депо дээр хүчин чадлыг нь нэмэх төсөл хэрэгжиж байгаа. Аравдугаар сард дуусна. Алтанбулаг, Замын-Үүдийг холбох зорилт тавьсан. Эдгээр шинэчлэлийг дагаад ачаа тээврийн эргэлт зөвхөн Монгол Оросын хооронд биш ОХУ, БНХАУ-ын хооронд экспортын гарц нээгдэж, Монгол транзит улс болох бодлого хэрэгжих боломж бүрдэнэ. Хоёрдугаарт, Алтанбулаг-Замын -Үүдийг хурдны зам, төмөр замаар, хос царигаар холбох чиглэлийг БНХАУ-д айлчлах үеэрээ тавьсан. Удахгүй ОХУ-дхийх айлчлалын үеэрээ энэ асуудлыг тавина. Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлж эхэлснээр ДНБ-ий 43 их наяд орчмын эргэлтийг 75 их наядад авчирлаа. Замын-Үүд Алтанбулагийн чөлөөт бүс болон ачаа тээврийн терминалууд бусад олон улсынхэмжээнд эргэлтэд орж эхэлбэл ДНБ 100 их наяд хүрэх боломжтойг Ерөнхий сайд онцоллоо. Хувийн хэвшлийнхний олон жил хүлээсэн хөнгөлөлттэй тарифын асуудлыг Засгийн газар шийднэ. Ингэж чадвал малын түүхий эд, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг экспортлох боломж бүрдэж, хөдөө аж ахуйн салбарт үсрэнгүй хөгжлийн гарц болно гэдгийг Ерөнхий сайд мэдэгдлээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцлаа. Алтанбулагийн чөлөөт бүсэд импортоор орж ирж буй архи, согтууруулах ундааны худалдан авалттай холбоотойгоор зарим хязгаарлалт хийсэн бөгөөд үүнээс үүдэн хохирол амсаж буй талаар аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл Ерөнхий сайдад ярив. Холбогдох албаныхан архи согтууруулах ундааг татваргүй бүсээс иргэд арилжааны зориулалтаар авах тохиолдол газар авсан тул зохицуулалт хийсэн хэмээн мэдээллээ. Ерөнхий сайд ГЕГ, ЭЗХЯ, Алтанбулаг чөлөөт бүсийн захирагчийн Ажлын алба зэрэг холбогдох байгууллагуудын төлөөллийг багтаасан Ажлын хэсэг байгуулж, асуудлыг шийдвэрлэхийг үүрэг болголоо.
Эх сурвалж: Засгийн газрын мэдээ