images

Боомтын сайд Х.Булгантуяа Улаан-Үд хотноо

Ерөнхий Консулын Газрын мэдээ

2023-09-22

34

Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга

Х.Булгантуяа ОХУ-ын БНБуриад Улсын Тэргүүн бөгөөд ЗГ-ын дарга

А.С.Цыденов болон Ардын Хурлын дарга В.А.Павлов

нартай уулзав

 

                      Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Х.Булгантуяа  Бүгд Найрамдах Буриад Улсын Ардын Хурлын Төв байрны Бага танхимд 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр ийн БНБУ-ын Тэргүүн А.С.Цыденов болон Ардын Хурлын дарга В.А.Павлов нартай уулзалт хийв.

                      Тус уулзалтад манай талаас Монгол Улсаас ОХУ-ын Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консул Д.Нямцэрэн, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан, Баян-Өлгийн аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Х.Арман, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны Ажлын албаны дарга Т.Төрболд, Хилийн боомтын захиргааны дарга Б.Батхишиг, Монгол Улсын сайд Х.Булгантуяагийн зөвлөх Л.Батсайхан нар тус тус байлцав.

Айлын талаас уулзалтад БНБУ-ын ЗГ-ын орлогч дарга бөгөөд Эдийн засгийн сайд Е.Н.Кочетова, ОХУ-аас Монгол Улсад суугаа Худалдааны төлөөлөгч М.В.Васильев, Монгол Улс дахь Оросын хамтын ажиллагааны төлөөлөгчийн газар буюу Россотрудничество агентлагийн даргын үүрэг гүйцэтгэгч В.В.Кильпякова, ОХУ-ын ГХЯ-ны Улаан-Үд хот дахь ТөГ-ын Тэргүүн А.И.Пономарева, Монгол Улстай хамтран ажиллах асуудал хариуцсан БНБУ-ын сайд Д.Ш.Чирипов, БНБУ-ын Тэргүүний зөвлөх А.Д.Именохоев нар тус тус оролцов.

БНБуриад Улсын Тэргүүн А.С.Цыденов, Монгол Улсын стратегийн хамтын ажиллагааны хэтийн төлөв нь нэмэгдэж байгаа тул цаашид үүнийгээ эрчимжүүлэх хэрэгтэй гэж үзэж байна. Тухайлбал, “Сибирийн хүч-2” байгалийн хийн хоолой барих асуудал нь стратегийн хамтын ажиллагааны чухал төслүүдийн нэг юм. БНБУ болон Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх хийн хоолойн барилгын маршрут батлагдсан. Бидний зүгээс байгалийн хийн хоолойг бариулах асуудал дээр шаардлагатай бүх шийдвэрүүдийг гаргаж, холбогдох арга хэмжээнүүдийг авч зохих зөөвшөөрлийг авсан болно. Хийн хоолойн төсөл хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна.

Энэхүү чухал том төслөөс гадна бид манай хоёр улсын жижиг дунд бизнес эрхлэгч хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, харилцаа холбоог тогтоох, хоёр улсын мөнгөн тэмдэгтээр банк, санхүүгийн төлбөр тооцоог хийдэг болох, гаалийн болон татварын асуудлуудыг шийдвэрлэх зэргийг хүсэж байна. Бизнесийн төлөөлөл хоорондын харилцаа холбоог хөгжүүлэхээс гадна бид боловсон хүчин бэлтгэх асуудалд анхаарал хандуулж байна. Та мэдэж байгаа байх бид Монгол Улсын 40 оюутныг Орос хэлний багш мэргэжлээр Буриадын Их Сургуульд суралцуулж байна.

... Монголын тал тогтмол гаалийн татвар бууруулах асуудлыг тавьдаг. Нэг хувилбар нь бол ШХАБ. Эдийн засаг, зах зээлээ төрөлжүүлэх нь чухал хэдий ч ОХУ-ын зах зээл бол маш том боломж. Өнөөдөр хориг арга хэмжээнүүдийн үед ОХУ-ын эдийн засаг хөгжиж байна. Тухайлбал, БНБУ-ын цалингийн хэмжээ нэмэгдэж, ХАА салбар болон далайн боомтуудын үйл ажиллагаа хөгжиж байна. Европын холбооноос гаргасан судалгааны дагуу Барууны бизнес эрхлэгчид ОХУ-д явуулж байсан үйл ажиллагааныхаа 91 хувийг хадгалж үлдсэн бөгөөд  үргэлжлүүлж байна. Тиймээс одоогийн нөхцөл байдалд Монгол Улс ОХУ-ын зах зээлд цаг алдалгүй нэвтрэх, байр сууриа эзлэх нь зүйтэй.

 

Сайд Х.Булгантуяа, ... 2021 оны үзүүлэлтэй харьцуулахад 2022 оны хоёр улcын хоорондын худалдааны нийт эргэлт 30,7 хувиар өсөж, 2.7 тэрбум ам.доллар хүрсэн хэдий ч үүнээс Монгол Улсын экспортын хэмжээ зөвхөн 3 хувийг эзэлж байна. Манай хоёр улсын худалдааны эргэлтийн дийлэнхийг ОХУ-ын газрын тос, бензин болон түлш эзэлдэг.

Монгол Улсын ЗГ-аас эдийн засгийг тэлэх, иргэдийн амьжиргааны түвшнийг сайжруулах чиглэлээр “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг 6 чиглэлд хөгжүүлэхээр баталсан. Үүнд боомтын cэргэлт, үйлдвэрлэлийн сэргэлт, ногоон сэргэлт, хот хөдөөгийн сэргэлт гэж байгаа. Үүнээс бид боомтын сэргэлт дээр үндэсний хороо байгуулж, тусгайлан ач холбогдол үзүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Боомтын сэргэлтийг бид бүс нутгийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа гэж үзэж байгаа. Монгол Улсын геополитикийн байршлын хувьд бид тээвэр, логистикийн том зангилаа төв болох, транзит тээврийг хөгжүүлэх боломж, бололцоо байна хэмээн яриандаа онцлон тэмдэглэв.