images

“Орос-Монгол. Шинэ бодит байдал дахь түншлэл” Чуулга уулзалт

Ерөнхий Консулын Газрын мэдээ

2023-09-22

20

ОХУ, Монгол хоёр худалдаагаа 5 тэрбум ам.долларт хүргэнэ

ОХУ-ын Буриад улсад Монгол, Оросын бизнесийн салбарын уулзалтыг зохион байгууллаа. “Орос-Монгол. Шинэ бодит байдал дахь түншлэл” нэртэй форум 2022 оны 5 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд Улаан-Үд хотод анх удаа болж буйгаараа онцлог байлаа.

Энэхүү форум нь Монголын бизнесийн салбарынхны хүсэн хүлээж байсан арга хэмжээ болсныг бизнес уулзалтад оролцсон төлөөлөгчид хэлж байв. Форумд нийт 3000 гаруй оролцогч бүртгүүлсэн бөгөөд Монголын талаас 200 гаруй оролцогч очжээ. Энэхүү форум Орос, Монголын харилцаанд чухал үүрэг гүйцэтгэх арга хэмжээ болсон юм

ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн дэд сайд Дмитрий Волвач “2022 оны эцэс гэхэд Орос, Монголын худалдааны эргэлт 2 тэрбум ам.доллароос давж магадгүй. Монгол Улс бол ОХУ-ын маш чухал, стратегийн түнш юм. Сүүлийн үед Орос-Монголын худалдааны эргэлт хоёр оронтой тоогоор нэмэгдэж байгаа. Ийнхүү 2022 оны эцэс гэхэд 2 тэрбум ам.долларын босгыг давах бүрэн үндэслэл бий” гэлээ.

Монголын уламжлалт экспорт ОХУ-ын зах зээлд, тэр дундаа арьс шир, ноолууран бүтээгдэхүүн, хивс, түүнчлэн мах, махан бүтээгдэхүүн, мал аж ахуй зэрэг сайн ирээдүйтэй. ОХУ Монголд эрчим хүч тээвэрлэгч, металл, мод, машин, тоног төхөөрөмж, химийн бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд бэлэн байгаа аж.

Монгол, Оросын бизнесийн “Орос-Монгол: Шинэ бодит байдал дахь түншлэл” форумд хоёр орны бизнесийн салбарынхан шинэ бодит байдалд хамтын ажиллагааг эрэлхийлж, бизнесээ өргөжүүлэх боломжийг судаллаа.

Энэ үеэр ОХУ Монголд төлбөр тооцоог рубль, төгрөгөөр хийх хэлбэрт шилжихийг санал болгоно гэдгийг ОХУ-ын Буриад улсын тэргүүн Алексей Цыденов мэдэгдлээ.

Тэрбээр “Өнөөдөр тулгамдаж буй асуудал бол доллар, евро ашиглахгүйгээр үндэсний мөнгөн тэмдэгтээр харилцан тооцоо хийх явдал юм. Энэ бол хамгийн тулгамдсан асуудал бөгөөд түүнийг шийдвэрлэх нь манай улсын эдийн засгийн идэвхжилийг эрс нэмэгдүүлэх болно. Оросын талаас рубль-төгрөгийн тооцоонд шилжих бодол байгаа. Төлбөр тооцоог рубль, төгрөгөөр хийх хэлбэрт шилжихийг танай Монгол банкинд санал болголоо. Энэ асуудлыг шийдэж байгаа Оросын талын холбооны түвшний удирдагчдын санал батлагдаж байна. Одоо зөвхөн танай Монгол банкны хэмжээнд л шийдвэр гаргах нь үлдлээ” гэв.

Буриад улсын тэргүүн Алексей Цыденов түүнчлэн “ОХУ Монгол Улсын эрэлт хэрэгцээг бүрэн хангах эрчим хүч тээвэрлэгч, металл, мод, машин, тоног төхөөрөмж, химийн бүтээгдэхүүн, тэр тусмаа тариа тариалалтын энэхүү чухал үед нэн шаардлагатай байгаа бордоо,  хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд бэлэн байна” гэсэн юм.

Түүнчлэн арьс шир, нэхий, ноосны эрэлт хэрэгцээ Оросын талд өндөр байгаа энэ үед арьс нэхий боловсруулах хамтарсан үйлдвэр байгуулах шийдвэр гаргасан байна.

Монгол Улс уламжлалт барааны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд бэлэн байгаа аж. Монгол Улс ОХУ-д уламжлалт бүтээгдэхүүн болох ашигтай зэрлэг ургамал, нэхий дээл, ноосон эдлэлийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд бэлэн байна гэж Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин Орос-Монголын салбар хуралдааны үеэр мэдэгдлээ. Тэрбээр “Энэхүү форум нь Орос, Монголын харилцааг ойртуулах чухал алхам боллоо. Ийм уулзалтууд тогтмол болох байх гэж найдаж байна” гэв.