ЕКГ болон суугаа орны товч танилцуулга
Монгол Улсаас ОХУ-ын БНБуриад Улсын Улаан-Үд хотод суугаа
Ерөнхий Консулын Газрын товч танилцуулга
Монгол Улсаас ОХУ-ын БНБуриад Улсын Улаан-Үд хотод Ерөнхий консулын газар нээн ажиллуулах тухай БНМАУ-ын (хуучин нэрээр) Засгийн газрын тогтоол 1991 оны 2 дугаар сарын 22-ны өдөр гарч, Ерөнхий консулын газрын албан ёсны нээлтийн ажиллагаа “Байкал” зочид буудалд 1991 оны 7 дугаар сарын 1-нд болжээ.
Өнгөрсөн хугацаанд тус Ерөнхий консулын газарт дараах Ерөнхий консулууд ажилласан байна. Үүнд:
- Д.Өлзийсайхан 1991-1995 он
- Д.Дашням 1995-1997 он
- Н.Ринчиндорж 1997-1999 он
- Н.Мишигдорж 1999-2003 он
- Н.Түмэндэмбэрэл 2003-2006 он
- Г.Төртогтох 2006-2010 он
- Л.Жавзмаа 2010-2013 он
- Ц.Ганболд 2013-2016 он
- Д.Чадраабал 2016-2021 он
- Д.Нямцэрэн 2021 оны 2 дугаар сараас
Ерөнхий консулын газрын одоогийн байрыг Монгол Улсын хөрөнгөөр барьж, 1998 онд ашиглалтад өгсөн.
ЕКГ-ын хамаарах тойрогт БНБуриад Улс (нийслэл Улаан-Үд), Өвөр Байгалийн хязгаар (төв нь Чита), Приморийн хязгаар (төв нь Владивосток), Хабаровскийн хязгаар (төв нь Хабаровск) зэрэг Алс Дорнодын бүс нутгууд орно. Алс Дорнодын хязгаар нь бүхэлдээ ОХУ-ын газар нутгийн 40 хувийг хамаарах том нутаг дэвсгэртэй, байгалийн асар их баялагтай, ОХУ-ын тэргүүлэх хөгжлийн бүс нутгаар зарлагдсан.
БНБУРИАД УЛСЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
БНБуриад Улс нь 985,937 хүн амтай, хүн амын 60% нь хот суурин газар, 40% нь хөдөө аж ахуйн нутагт амьдардаг байна. БНБуриад Улс байгалийн нөөц баялгийн хувьд ОХУ-ын төрийн болон Буриадын нутаг дэвсгэрийн балансад орсон төрөл бүрийн 600 гаруй ашигт малтмалын орд газартай. Тухайлбал, илэрсэн алтны орд 247, вольфрамын орд 7, ураны орд 13 хагас /поли/ металлын орд 4, молибден ба бериллийн орд тус бүр 2, тугалга ба хөнгөн цагаан тус бүр 1, шатдаг занарын орд 8, хүрэн нүүрсний орд 10, чулуун нүүрсний орд 4 зэрэг баялаг ордуудтай болно. Буриадын газар нутаг ОХУ-ын газар нутгийн 2%-ийг бүрдүүлдэг боловч ОХУ-ын цайрын балансын 48%, цагаан тугалганы 24%, молибдены 37%, вольфрамын 27%, шатдаг занарын 16%, хризол асбестын 15% энэ нутаг дэвсгэрт хамаарагддаг байна.
2014 оноос ОХУ, Монгол Улсын иргэд харилцан визгүй зорчих болсноос хойш иргэдийн урсгал нэмэгдэж, Улсын хилийн боомтуудаар худалдаа их хэмжээгээр хийгдэж байна.
2020-2022 онд нийтийг хамарсан цар тахлын хугацаанд хоёр талын зорчигч тээврийн харилцаа зогсонги болж, 2021 онд худалдааны эргэлт буурч, 2022 онд том оврын тээврийн хэрэгслийн ачаа эргэлт сайжирч худалдааны хэмжээ нэмэгдсэн.
БНБуриад Улс, Монгол Улсын байгууллагуудын шууд хамтын ажиллагаа дараах салбаруудад, тухайлбал төмөр зам, хөдөө аж ахуй, иргэний нисэх, соёл, урлаг, боловсрол, эрүүл мэнд, онцгой байдал зэрэгт идэвхтэй хөгжиж байна.
Консулын патентаа гардуулсан товчоон
- Ерөнхий консул Д.Чадраабал 2017 оны 11 дүгээр сарын 7-нд Өвөр Байгалийн хязгаарын амбан захирагч Н.Н.Ждановт
- Ерөнхий консул Д.Чадраабал 2019 оны 4 дүгээр сарын 6-нд Приморийн хязгаарын амбан захирагчид
- Ерөнхий консул Д.Нямцэрэн 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр БНБуриад Улсын Тэргүүн А.С.Цыденовт Улаан-Үд хотноо
- Ерөнхий консул Д.Нямцэрэн 2021 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Өвөр Байгалийн хязгаарын амбан захирагч А.М.Осиповт Чита хотноо
- Ерөнхий консул Д.Нямцэрэн 2022 оны 7 дугаар сарын 20-ны өпөр Приморийн хязгаарын амбан захирагч О.Н.Кожемякад
- Ерөнхий консул Д.Нямцэрэн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Хабаровскийн хязгаарын амбан захирагч М.Дегтярёвт тус тус гардуулсан.
УЛААН-ҮД ХОТЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Улаан-Үд хот Сибирийн эртний хотуудын нэг бөгөөд Улаан-Үд хот нь “Хамар даваа”, “Улаан бургастай ” болон “Цагаан даваа” гэсэн гурван нурууны дунд Үд голын эрэг дагуу байрлалтай болно.
Улаан-Үд хотын нийт хүн ам нь 435,300. Хотын эзлэх нийт талбай нь 365.7 хавтгай дөрвөлжин км2 болно.
Тус хотыг анх 1666 онд оросын казакууд байгуулсан гэдэг. 1688 оны өвөл хотын модон хэрмийг босгосон байна. 1690 онд “Үд” хот гэж нэрлэжээ. Хотын анхны оршин суугч нь казак, цэрэг, худалдаачид, тариачид байсан аж.
Үд гол болон Сэлэнгэ мөрөн тус хотыг цэвэр усаар хангах гол эх үүсвэр болдог төдийгүй газар зүйн байрлалаар Монгол, Хятад, Оросыг холбох чухал зам болж байжээ.
1730 онд “Үд ” хотыг “Дээд-Үд” гэж нэрлэсэн байна. 1768 онд “Дээд-Үд” хотод ангийн үсний анхны худалдаа яармаг зохион байгуулагдсан байна. Энэ үеэс эхлэн худалдаа хөгжсөн. 1790 онд “Дээд-Үд” хот өөрийн гэсэн сүлдтэй болжээ. Сүлд нь Худалдаа наймааг тэтгэгч Меркурий бурханы “Очир”, эд баялгийг бэлгэдсэн “Эвэр”-ийг дүрсэлсэн байдаг.
1899 онд “Дээд-Үд” хотоор Сибирийн төмөр зам дайран өнгөрөх болжээ. Октябрийн хувьсгалын өмнө (1917 оны) тус хот 20000 хүнтэй 3130 барилга, байгууламжтай, 27 боловсролын байгууллагуудад 1500 сурагч суралцаж байжээ.
1923 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Буриад-Монголын Зөвлөлийн Бүгд Найрамдах Улс байгуулагдсан түүхтэй. 1934 онд “Дээд-Үд” хотыг “Улаан-Үд” хот гэж нэрлэжээ. 1990 онд Улаан-Үд хотыг Холбооны Улсын түүх соёлын хотын жагсаалтад бүртгэсэн. Одоо тус хотод 234 түүхийн дурсгал байдгаас 11 нь Холбооны хэмжээний ач холбогдолтой хэмээн бүртгэгдсэн байна.
Улаан-Үд хотод 100 гаруй үндэстэн, ястан оршин суудаг, дэлхийн 17 улсын хоттой эгч дүүс хот юм. Тухайлбал: Монгол Улсын Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, БНХАУ-ын Манжуур, Хөххот, Хөлөнбуйр, Чанчунь, Эрээн, Улаанцав, Ланьжоу, Япон Улсын Румои, Ямагата, Солонгос Улсын Аньян, Ёнгволь, БНАСАУ-ын Хэчжү, Тайбэй (БНХАУ-ын).
Улаан-Үд хот нь 7 театр, 5 их, дээд сургуультай. Шинжлэх ухааны 5 төвтэй.
Улаан-Үд хотын их, дээд сургуульд Монгол Улсын 200 гаруй оюутан суралцаж байна.
---oOo---
ӨВӨР БАЙГАЛИЙН ХЯЗГААРЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Өвөр Байгалийн хязгаар нь 18-р зууны үед Оросын төв хэсгээс Дорнод Сибирийн цэргийн бэхлэлт бааз болгох байгалийн баялгийг эзэмших зорилгоор, зарим тохиолдолд цөллөгийн маягаар хүмүүс илгээж байсан нь хүн ам суурьших эхлэл болсон байна. 1851 онд байгалийн чанадад мужын статустай бий болж, 1921 онд Чита нийслэлтэй Алс Дорнодын Бүгд Найрамдах Улс байгуулагдсан байна. 1937 онд Чита муж бүрэлдэн бий болжээ. Чита муж нь цэргийн үйлдвэр олонтой, хаалттай бүс байсан учир гадаадын хөрөнгө оруулалт багатай. Зах зээлийн харилцаанд шилжсэнээс хойш БНХАУ, АНУ зэрэг орны хөрөнгө оруулалт голлон нэвтэрч эхэлсэн байна.
Өвөр Байгалийн хязгаарыг 2008 оны 3 сарын 1-нд Чита мужийг Агийн автономийн тойрогтой нэгтгэн байгуулсан. Сибирийн холбооны тойрогт багтдаг 36 засаг захиргааны нэгж/район/-тэй, төв нь Чита хот. ОХУ-ын статистикийн байгууллагын мэдээллээр, 1,059,700 хүн амтай. Бүс нутаг нь усан цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх нөөцтэй, шимт хүрэн хар хөрстэй, зэс, мод, молибден, алт, цагаан тугалга, ховор металлын нөөцтэй байна.
Аж үйлдвэрийн үйлдвэрлэлийн салбарын бүтцэд ашигт малтмалын олборлолт 44,7%, боловсруулах салбар 24,1% ус, хий, цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл 31,2% -ийг тус тус эзэлдэг байна.
Монгол Улс, Өвөр Байгалийн хязгаарын хоорондын импортын барааны бүтцийг авч үзвэл хүнсний бараа голлож, зарим аж үйлдвэрийн бараа, тухайлбал, халаалтын зуух, түүний механик, тоног хэрэгсэл, мебель зэрэг байна. Монголоос гол төлөв мах, махан бүтээгдэхүүн экспортолж байгаа бөгөөд сүүлийн үеийн малын гаралтай халдварт өвчин гарснаас болж зогссон. Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ их байдаг ч гааль, тарифийн асуудлаас болж нийлүүлэлт бага байдаг. Өвөр Байгалийн хязгаар нь Монгол Улсын Дорнод, Хэнтий аймгуудтай хиллэн оршдог тул шууд хамтын ажиллагаа хөгжиж байгаа, цаашид өргөжүүлэх боломжтой. Соёл, боловсрол, нийгмийн бусад салбарт харилцаа идэвхтэй өрнөж байна. Чита хотын их, дээд сургуульд Монгол Улсын 100 орчим оюутан суралцаж байна.
---oOo---
ПРИМОРИЙН ХЯЗГААРЫН ТУХАЙ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Приморийн хязгаар нь 1938 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ЗХУ-ын Дээд зөвлөлийн “Дорнод хязгаарыг Хабаровск болон Приморийн хязгаар болгон хуваах тухай” зарлигийн дагуу байгуулагджээ. Нийт 12 хотын тойрог, 22 засаг захиргааны нэгжтэй бөгөөд Приморийн хязгаар нь Холбооны Улсын Алс дорнодын хязгаарт оршдог зүүн өмнөд хэсгээрээ Япон тэнгис, хойд хэсгээрээ Хабаровскийн хязгаар, баруун хэсгээрээ БНХАУ, БНСАУ-тай хиллэдэг. ОХУ-ын статистикийн байгууллагын мэдээгээр 1,895,868 хүн амтай, орос 85,7%, Украин, Солонгос, Татар, Узбек, Беларус, Армян зэрэг үндэстнүүд оршин суудаг, засаг захиргааны төв нь Владивосток хот юм. Приморийн хязгаар нь ашигт малтмалын томоохон ордуудтай бөгөөд ОХУ-ын хайлуур жоншны 92%, вольфрамын бараг 100%, борын бүтээгдэхүүний 73,6%-ийг гаргадаг байна. Энэ хязгаарт 100 орчим нүүрсний орд байдаг. Урьдчилсан тооцоогоор 2,4 млрд.тонн нөөцтэй гэх бөгөөд ихэнх орд нь гидрогеологийн хүнд нөхцөлд оршдог учир ашиглалтын зардал өндөртэй юм. Приморийн хязгаарын нутаг дэвсгэр 164,7 мян.кв.км.
Приморийн хязгаарын олон улсын аялал жуулчлал, хамтын ажиллагааны газраас өгсөн албан ёсны мэдээгээр, Монгол Улс, Приморийн хязгаарын хооронд тодорхой хэмжээний худалдааны эргэлт байсан ч 2008 оноос зогссон байна. Цаашид Монгол Улс уул уурхайн гаралтай бүтээгдэхүүнийг зүүн өмнөд Азийн орнуудад экспортлоход Владивосток хотын боомтуудыг ашиглах боломжтой, дэд бүтэц болон тээвэр ложистикийн хамтын ажиллагаа хөгжүүлэх боломжтой. Монгол Улсаас ноос, ноолууран бүтээгдэхүүн, мах махан бүтээгдэхүүн экспортлох боломжтой ОХУ-ын эдийн засгийн гадаад харилцааны өндөр чадавхтай бүс нутаг болно.
Владивосток хотноо Монгол Улсын оюутнууд усан онгоцны үйлдвэрлэл, анагаах ухаан зэрэг мэргэжлээр суралцаж байна.
---oOo---
ХАБАРОВСКИЙН ХЯЗГААРЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Хабаровскийн хязгаар нь ОХУ-ын Алс Дорнодын Холбооны тойрог, эдийн засгийн бүсэд багтдаг,"Дорнод хязгаарыг Хабаровск, Приморийн гэж хуваах тухай” ЗХУ-ын Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчдийн зарлигаар 1938 оны 10 сарын 20-нд үүсгэн байгуулагдсан.
Хабаровскийн хязгаар Оросын холбооны 83 нэгжээс харьяалах газар нутгийн талбай 787,633 км2 бөгөөд ОХУ-д газар нутгийн хэмжээгээр дөрөвт ордог. Хабаровскийн хязгаар нь 1,315,643 хүн амтай, энэ үзүүлэлтээрээ ОХУ-д 34-р байрт ордог. Харин Хабаровск хот 616,372 хүн амтай, Хабаровскийн хязгаар нь Хар (Амар) мөрний доод биеийн сав газарт, Агнуурын тэнгисийн эрэг дагуу уулархаг нутагт оршиж хойд хэсгээр нь тайга болон тундр үргэлжилж, төв хэсгээр нь намаг балчиг бүхий ой, өмнөд хэсгээр нь навчит ойгоор хүрээлэгдсэн.
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүтцийн хүрээнд бүс нутгийн ач холбогдол бүхий 6 хот (Хабаровск, Комсомольск-на-Амуре, Амурск, Бикин, Николаевск-на-Амуре, Советская Гаван), хот доторх 5 дүүрэг (Хабаровскийн 5 дүүрэг), 17 дүүрэг, бүс нутгийн ач холбогдол бүхий 1 хот (Вяземский), ажилчдын 18 суурин, хөдөө орон нутгийн 412 сууринтай.
Хотын захиргааны бүтцийн хүрээнд бүс нутаг нь хотын 2 дүүрэг, 17 хотын дүүргийг хамардаг бөгөөд түүний нутаг дэвсгэрт 23 суурин, 191 хөдөө орон нутгийн суурин байдаг.
Аж үйлдвэрийн гол төвүүд нь Хабаровск, Комсомольск-на-Амур, Советская Гаван, Николаевск-на-Амурск, Амурск хотууд юм.
Хабаровскийн хязгаарт "Амур” хөлөг онгоцны үйлдвэр, "Хабаровскийн” хөлөг онгоцны үйлдвэр мөн Ю.А.Гагариний нэрэмжит Комсомольск-на-Амурскийн нисэхийн үйлдвэр зэрэг ОХУ-ын томоохон үйлдвэрүүд үйл ажиллагаа явуулдаг.
Уул уурхайн хувьд, алт, нүүрс, өнгөт металлын хүдэр, цагаан тугалга, бал чулууны ордууд, төмөр, хүрэн нүүрс, зэсийн баяжмалын орд газрууд байдаг бөгөөд хүхрийн хүчил, хүчилтөрөгч, дугуй засвар, синтетик угаалгын нунтаг, химийн эм, гидролиз ба биохимийн, газрын тос боловсруулах Комсомольскийн газрын тос боловсруулах үйлдвэр, Хабаровскийн газрын тос боловсруулах үйлдвэрүүдтэй.
Бүс нутгийн өмнөд хэсэгт транссибирь, төв хэсэгт Байгаль-амурын төмөр зам байрладаг бөгөөд далайн тээвэр хөгжсөн Ванино, Амола дээр Николаевск, Охотск, Де-кастри зэрэг боомтууд үйл ажиллагаа явуулдаг.
---oOo---